БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ХАРЪЯА ЦАГДААГИЙН ХЭЛТСҮҮДИЙН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУРГАЛТ ЯВУУЛАВ

A- A A+
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ХАРЪЯА ЦАГДААГИЙН ХЭЛТСҮҮДИЙН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУРГАЛТ ЯВУУЛАВ
 Баянзүрх дүүргийн прокурорын газраас энэсарын 25-ны өдөр тус дүүрэг дэх цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтсүүдийн удирдах албан тушаалтнуудад Улсын Их Хурлаас шинээр батлагдсан Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудын хэрэгжилтийг нэг мөр хангуулахад анхаарч ажиллах талаар сургалт, ярилцлага зохион байгуулжээ. Сургалтад тус дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, ахлах прокурорууд, цагдаагийн хэлтсүүдийн мөрдөн байцаах, эрүүгийн цагдаагийн тасгийн дарга нар оролцсон байна. Дүүргийн Ерөнхий прокуророос нийт мөрдөгч болон эрх бүхий алба хаагч нарт шинээр батлагдан дагаж мөрдөгдөж буй хуулийг зөрчихгүй байх талаар онцгой анхааруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан хуулийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэлтэй зүйлийг нэг мөр ойлгох нь хамгийн чухал болохыг тайлбарлаж гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг шалгах, эд хөрөнгийн үнэлгээ,хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, харъяаллын дагуу шилжүүлэх, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах  болон хэрэг бүртгэлтийн хугацаа, мөрдөн байцаалтын хугацаа, эд мөрийн баримт хадгалах, шилжүүлэх, прокурорт биечлэн танилцуулах, прокурорт даруй танилцуулах, мөрдөгчийн санал бодитой байх талаар анхаарч ажиллахаар болжээ.Түүнчлэн Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, түүгээр батлагдсан зөрчлийн хугацаа тоолох аргачлал, гомдол, хүсэлт гаргах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харъяалал болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэхэд  гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замын талаар харилцан санал солилцсон байна.