-Прокурорын байгууллагын 87 жилийн ой энэ онд тохиож байгаа. Прокурорын байгууллагад ажиллаж эхэлсэн дурсамжаас тань ярилцлагаа эхлэх үү?
-Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын хүн. Миний аав Тогоонтөмөр гэж хүн байсан. Насаараа прокурорын байгууллагад ажилласан. Би ч аавынхаа хийж байсан ажлыг үргэлжлүүлж прокурор болсон хүн. Гурван үеэрээ прокурорын байгууллагад ажиллаж байна. Миний хүү мөн л аавынхаа мэргэжлийг өвлөж авсан. Би ЗХУ-ын Эрхүүгийн их сургуулийн хуулийн ангид 1973-1979 онд суралцаж төгссөн. Тухайн үед таван залууг сонгон авсны нэг нь би юм. Сургуулиа төгсөж ирээд Улсын ерөнхий прокурорын газрын шүүхийн хяналтын хэлтэст ажилласнаар ажлынхаа гарааг эхэлсэн. Тэнд хоёр жил ажиллаад Сүхбаатар аймгийн прокурорын орлогчоор томилогдож байлаа. Тэр үед манай гэр бүлийн хүн тухайн үеийн ЗХУ-аас сургуулиа төгсөөд ирсэн. Гэтэл "Танай гэр бүлийн хүн Увс аймгийнх юм байна. Чи Увс аймагт очиж ажилла” гэдэг юм байна. Ингээд аймгийн прокурорын газрын туслахаар хэсэг хугацаанд ажиллаж байгаад сүүлдээ орлогч дарга болсон. 1985 онд аймгийн прокурорын даргаар томилогдож, Увс аймагт нийтдээ арван жил ажилласандаа. Мөн Нийслэлийн прокурор, Хан-Уул дүүргийн прокурор, УЕПГ-ын Онцгой хэргийн мөрдөн байцаах тасгийн дарга, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажилд хяналт тавих хэлтсийн дарга, Шүүхэд төрийн төлөөлөх газрын дарга, Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, УЕПГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга гээд л нэр хүндтэй, сайхан албуудад 36 жил ажиллаж дээ, ах нь.
-Увс аймагт ажиллаж байх үед чинь хил дамнасан малын хулгай их гардаг байв уу?
- Увс, Завхан аймгийн хувьд Туватай хил залгаа. Малын хулгайн гэмт хэрэг маш их гарна. Нутгийн иргэд малаа алдчихна. Гэмт хэрэгтнүүд хил даван орж ирээд нутгийн иргэдийн малыг туугаад явчихдаг байсан. Үүнийг таслан зогсоох, иргэдийн малыг эргүүлэн авчирч өгөхөөр бид бүх чадлаараа чармайдаг байсан. 1989 онд ОХУ манай улсын хооронд эрүүгийн болон иргэний хэрэгт харилцан туслалцаа үзүүлэх гэрээтэй байлаа. Тэр гэрээний дагуу Монголын талаас малаа алдсан тохиолдолд Оросын нутаг руу 30 километр явж эрэл хайгуул хийх, мөр хөөх эрхтэй байсан. Бид Бүгд найрамдах Тува улсын шүүх, прокурор, улсын аюулгүй байдлын газартай ярилцан тохиролцсоны дүнд 50 километрт эрлийн групп явдаг болсон. Тухайн үед хийж чадсан чухал ажлуудын нэг нь энэ. Тува улсын хуулийн байгууллагад манай ангийнхан болон найз нөхдүүд байсан нь энэ ажлыг хийхэд нэлээд түлхэц болсон шүү. Мөн тухайн үед гарч байсан хил дамнасан малын хулгайн хэрэг болгоныг илрүүлж чадаж байсан даа.
-Та улсын дээд шүүхээс цаазаар авах ял оноосон хэргийг дахин мөрдөн шалгаад хэрэгсэхгүй болгож байсан гэдэг. Тодруулж хэлэх юм бол сэтгүүлч, зохиолч Ж.Барамсайн бичиж байсан "Шорон дотроос өшөө авагчид байдаг юм биш байгаа” гэсэн эрэн сурвалжлах нийтлэл бичиж байсан хэргийг шалгасан байдаг байх аа?
-Ээдрээ маргаантай олон хэрэг дээр ажиллаж байсан. Түүний нэг нь таны асуугаад байгаа хэрэг. 1990 онд Увс аймагт ажиллаж байх үед Улсын ерөнхий прокурор Г.Бахдал "Чамайг Улсын ерөнхий прокурорын газрын Чухал хэргийг мөрдөх тасгийн даргаар тавих тушаал гарсан. Долоо хоногийн дотор ирж ажлаа ав” гэдэг юм байна. Ингээд шинэ ажилдаа томилогдож ирлээ. Тэгсэн Эрдэнэт хотод Дугархорлоо гэх хүн бусдын гарт амь насаа алдсан хэрэг гарсан. Тэр хүний амь насыг зургаан хүн бүрэлгэсэн гээд дөрвөн хүнд нь цаазаар авах ял оноочихсон байлаа. Хэрэг нь Улсын дээд шүүхээр хоёр удаа ороод хэрэг нь таслагдчихсан байв. Дуулиан шуугиантай энэ хэргийн талаар зохиолч, сэтгүүлч Ж.Барамсай сурвалжилж "Шорон дотроос өшөө авагчид байдаг юм биш байгаа” гэсэн нийтлэл "Үнэн” сонин дээр бичсэн. Үүний дагуу манай тасаг хэргийг дахин шалгаж эхэлсэн юм. Хэрэгт хууль хяналтынхан оролцоотой байсан учир Улсын ерөнхий прокурорын газрын Чухал хэргийг мөрдөх тасаг шалгасан юм. Хэргийг шалгахад маш хүнд байсан. 25 мянган хуудас 120 гаруй хавтаст хэргийг шалгаж дууссан даа. Манай тасагт Монголын шилдэг мөрдөн байцаагч Догсом, Дэрэм гээд мундаг сайн мөрдөн байцаагчид байлаа. Бид Архангай, Булган, Орхон аймагт олон хоног ажилласан. 25 мянган хуудас хэргийг гурван сар гаруй хугацаанд уншиж, түүвэр судалгаа хийж, тэмдэглэж авсан. Тэр үед гараараа л тэмдэглэл бичдэг байлаа шүү дээ. Ингээд хэргийг мөрдөн шалгаж дуусаад Улсын дээд шүүхэд хэргийн талаар дүгнэлт бичиж өгсөн. Бид хэрэгт авагдсан мөчид баримтаар гэм зэмгүй хүмүүсийг шийтгэсэн байгааг мөрдөн байцаалтаар тогтоосон. 12 өдөр шүүх хурал болж байсан. Улсын ерөнхий прокурорын туслах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга н.Отгонбаяр гэх эмэгтэй байсан. Түүний гэмт үйлдлийг мөрдөн шалгаж шийтгэсэн. Хилс хэрэгт шийтгэгдэж цаазаар авахуулах болчихсон хэргийн үнэн зөвийг манай хамт олон олж тогтоосон доо. Хуулийн байгууллага энэ хэрэгт ямар алдаа гаргасан байдаг вэ гэхээр Мягмар гэх хүн худал мэдээлэл өгсөн байдаг. Нуугдмал хэргийг илрүүлнэ гээд хорих ангиудад судалгаа хийж явахдаа Эрүүгийн цагдаагийнхан Мягмарын хэлсэн үгэнд хэт их итгэж, ийм алдаа гаргасан байдаг. Үнэхээр нийгэм даяар дуулиан шуугиан болсон хэрэг байлаа.
-Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэст ажиллаж байхдаа хэлмэгдсэн иргэдийг цагаатгах ажлыг тавуулаа хийсэн гэж сонссон. Энэ талаар тодруулахгүй юу?
-Прокурорын байгууллага хэлмэгдсэн иргэдийг цагаатгах ажлыг мөрдөн байцаах ажлын шугамаар хийж байсан. Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэст дөрвөн прокурор ажиллаж байлаа. Манай хэлтэс 1937 онд хилсээр шийтгэгдсэн хүмүүсийн хэрэгт прокурор шинэ нөхцөл байдлаар дахин шалгаад дээд шүүхэд дүгнэлт бичиж өгдөг. Түүнийг нь дээд шүүх хянаад цагаатгах ажлыг хийдэг байсан. Энэ их хариуцлагатай ажлыг ахмад прокурор Гомбодорж, Шийрэвдорж, Цэдэн-Иш, Бадарч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр хийсэн. Бид 2000-2005 оны хугацаанд 28 мянган хүнийг цагаатгах ажлыг хийсэн. Улс төрийн хэлмэгдэлтэд 40 гаруй мянган хүн хэлмэгдсэн гэдэг. Одоо ч хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгах ажлыг зохион байгуулж байгаа. Тагнуулын ерөнхий газрын архивт байгаа уучин монгол бичгээр бичсэн хэргийг криллд буулгаж бичнэ. Ингээд хэргийн нөхцөл байдалтай танилцаж дүгнэлт бичих гээд маш тэвчээр, цаг хугацаа шаардсан ажил байсан шүү. 36 жилийн хугацаанд прокурорын байгууллагад ажиллахдаа найман хүний дор ажилласан байдаг юм. Тэр дундаа мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих чиглэлээр олон жил ажиллаж байлаа. Би Улсын ерөнхий прокурорын туслахаар 12 жил ажилласан. Улсын мөрдөн байцаах газрын зургаан даргатай хамтран ажиллаж байлаа. Прокурорт их шударга ажил мэргэжлийн ур чадвартай, хохирогчийн талд ажиллаж эрхийг хамгаалдаг зарчимч хүн ажиллах ёстой гэж бодож явдаг даа. Мөн Монголын прокурорын байгууллага үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй явуулах шаардлагатай. Сүүлийн үед нээлттэй болж байгааг энд онцлон тэмдэглэж хэлмээр байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба