НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ЦЕГ-ЫН ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБАТАЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ЦЕГ-ЫН ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБАТАЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
Нийслэлийн прокурорын газраас өчигдөр Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албатай хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулжээ. Уулзалтанд тус прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1-р хэлтсийн дарга, хяналтын прокурорууд, Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсүүд, Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн байцаах хэлтэс, тасгийн дарга нар болон мөрдөгч нар оролцож, энэ оны эхний 9 сарын байдлаар хийсэн ажлаа ярилцаж, үнэлэлт дүгнэлт өгсөн байна. Зөвлөгөөний үеэр Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1-р хэлтсээс дээрх хугацаанд хянаж шийдвэрлэсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, эрүүгийн хэргийн талаар мэдээлэл хийн, Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн байцаах хэлтсээс "Шинэчлэн батлагдсан Эрүү, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг хэрэгжүүлэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад тулгарч буй хүндрэл бэрхшээл”, "Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын ойлголт, төрөл зүйл, Монгол улс дахь хууль бус эргэлтийн өнөөгийн нөхцөл байдал, шийдвэрлэхэд анхаарах асуудал” сэдвээр сургалт, семинарыг зохион байгуулж, энэ төрлийн гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд цаашид анхаарах асуудлууд, өнөөгийн шүүхийн практикийн талаар прокурор, мөрдөгч нар харилцан ярилцаж, санал солилцжээ. Зөвлөгөөний төгсгөлд  Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1-р хэлтсийн дарга, ахлах прокурор Ж.Сандагсүрэн мөрдөгч, прокуроруудад үүрэг даалгаврыг өгч, зөвлөгөөн амжилттай өндөрлөсөн байна.