\"ИРГЭДЭЭ СОНСЪЁ” УРИАН ДОР СУМ, БАГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
\
 Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ахлуулсан "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл” энэ сарын 7-16-ны өдрүүдэд Мандах, Сайхандулаан, Өргөн, Эрдэнэ, Замын-Үүд, Айраг, Даланжаргалан, Сайншанд сумдад ажиллаж "Иргэдээ сонсъё” уриан дор иргэдтэй уулзалт ярилцлага зохион байгуулжээ. Энэ үеэр тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Цэрэнсамбуу "Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, 2017 оны 3 дугаар улирлын байдлаар хийж гүйцэтгэсэн ажил, аймгийн хэмжээний эрүүгийн нөхцөл байдал, гэмт хэргийн гаралт болон түүний шалтгаан нөхцөл, цаашид авч хэрэгжүүлэх ажил”-ын талаар мэдээлэл хийж, иргэдийн асуусан асуултанд хариулт өгсөн байна. Дээрх сумдын иргэд, төрийн албан хаагчдад шинээр батлагдсан хууль тогтоомж, гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх 10 гаруй төрлийн 350 ширхэг гарын авлага, сурталчилгааны материалыг тарааснаар шинээр гарсан хууль тогтоомжуудыг сурталчлах ажлыг эрчимжүүлж, урьдчилан сэргийлэх ажилд иргэд олон нийтийг эрх зүйн мэдээ мэдээллээр хангасан ач холбогдолтой ажил болжээ. Түүнээс гадна Дорноговь аймгийн ерөнхий прокурор сумдын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан улсын байцаагч нартай биечлэн уулзаж, шинээр мөрдөгдөж буй Зөрчлийн хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгаа байдал, тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар санал бодлыг сонсож, хуулийг нэг мөр хэрэгжүүлж ажиллах талаар үүрэг чиглэл, заавар зөвлөгөө өгсөн байна.