“БАЙГАЛИЙН УРГАМЛЫГ ХУУЛЬ БУСААР БЭЛТГЭХТЭЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРГИЙГ ШАЛГАЖ ШИЙДВЭРЛЭХЭД АНХААРАХ АСУУДЛУУД” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“БАЙГАЛИЙН УРГАМЛЫГ ХУУЛЬ БУСААР БЭЛТГЭХТЭЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРГИЙГ ШАЛГАЖ ШИЙДВЭРЛЭХЭД АНХААРАХ АСУУДЛУУД” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийслэл, дүүргийн хэмжээнд 2016 он, 2017 оны эхний хагас жилийн байдлаар Эрүүгийн хуулийн /2002 оны/ 212 дугаар зүйл "Байгалийн ургамлын тухай хууль тогтоомж зөрчих”, Эрүүгийн хуулийн /2015 оны/ 24.8 дугаар зүйл "Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлийг Нийслэлийн прокурорын газраас судалжээ.  Судалгаагаар иргэд, тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, төрийн захиргааны байгууллагуудаас Монгол Улсын ховор ургамлын жагсаалтанд багтсан Хуш модны самрын үр, чөмөг зэргийг бэлтгэх, худалдах, худалдан авах, хадгалах, тээвэрлэх үйл ажиллагаанд холбогдох хууль, журмыг нэг мөр дагаж мөрддөггүй, хяналтаа бүрэн тавьдаггүй, нөгөөтэйгүүр эрх зүйн орчин хангалттай сайн бүрдээгүй байгаа нь дээрх гэмт хэрэг гарахад нөлөөлж буй шалтгаан нөхцөл болж байна гэж дүгнэсэн байна. Судалгааны мөрөөр Монгол Улсын Засгийн газрын Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд Байгалийн ургамал түүж бэлтгэх, тээвэрлэх, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг гадаад улсад гаргах зөвшөөрөл олгох талаар тусгай журам боловсруулах шаардлагатай, мөн энэ төрлийн гэмт хэрэгт дагнан мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг Мөрдөн шалгах байгууллагын мөрдөгч, хяналт тавьдаг прокуроруудыг мэргэшүүлэх чиглэлээр сургалт явуулах талаар Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвд тус тус санал хүргүүлжээ. Дээрх саналын дагуу тус төвөөс энэ сарын 06-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын прокуроруудад "Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх”, "Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэхтэй холбоотой гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд анхаарах асуудлууд” сэдвээр сургалт зохион явуулсан байна. Сургалтыг сургагч багш, хяналтын прокурор П.Эрдэнэбат, Г.Оюунболд нар явуулж, дээрх төрлийн гэмт хэргийг шалгаж шийдвэрлэх болон шинэчлэн батлагдсан Эрүү, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг хэрэгжүүлэх явцад тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийн талаар прокуроруудтай санал солилцож, цаашид анхаарах асуудлуудаар зөвлөгөө өгсөн нь тодорхой ач холбогдолтой, үр өгөөжтэй сургалт болжээ.