“ПРОКУРОР -2017”, “ТУСЛАХ АЖИЛТАН-2017” МЭРГЭЖЛИЙН УРАЛДААНЫ 1-Р ШАТНЫ ТЭМЦЭЭН АЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

A- A A+
“ПРОКУРОР -2017”, “ТУСЛАХ АЖИЛТАН-2017” МЭРГЭЖЛИЙН УРАЛДААНЫ 1-Р ШАТНЫ ТЭМЦЭЭН АЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Монгол Улсын Ерөнхий Прокурорын тушаалаар "Прокурор -2017”, "Туслах ажилтан-2017” мэргэжлийн уралдааныг прокурорын байгууллагын хэмжээнд зохион байгуулахаар тогтсон. Мэргэжлийн уралдааны 1 дүгээр шатны тэмцээнийг Улсын Ерөнхий прокурорын газрын харъяа Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүрэг, Сум дундын прокурорын газрууд байгууллагадаа зохион байгуулах чиглэлийн дагуу Улсын Ерөнхий Прокурорын газраас баталж ирүүлсэн удирдамжийн хүрээнд амжилттай зохион байгуулжээ. Өмнө нь бид Улсын Ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газраас зохион байгуулсан мэргэжлийн уралдааны шалгаруулалтын мэдээллийг хүргэсэн. Харин одоо Аймаг, Дүүргийн прокурорын газруудын зохион байгуулсан мэргэжлийн уралдааны шалгаруулалтын мэдээллүүдийг нэгтгэн хүргэж байна.

                                     ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Өвөрхангай аймгийн прокурор газраас "Прокурор -2017”, "Туслах ажилтан-2017” мэргэжлийн уралдааныг 2017 оны 11 дүгээр сарын 02,03-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Хар хорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, туслах ажилтнууд уг тэмцээнд хамрагдаж оролцсон байна. Прокурорууд эрх зүйн мэдлэгийн түвшин тогтоох сонжуур, тодорхой сэдвээр сэдэмж бичих, гэмт хэргийн зүйчлэл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх, ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой хууль хэрэглээний бодлого, эрх зүйн хэлбэр боловсруулах, хяналтын чиглэлүүдээр тодорхой шийдвэрүүдэд хууль зүйн дүгнэлт хийх, компьютерийн хэрэглээ, цахим бүртгэл ашиглах, шүүх хуралдаанд мэтгэлцэх ур чадвар зэрэг 7 шалгуур үзүүлэлтээр өрсөлдөж хяналтын прокурор Б.Мөнгөншагай тэргүүн байр эзэлсэн байна.  Туслах ажилтнуудаас тодорхой сэдвээр сэдэмж бичүүлж түүнийгээ илтгэх ур чадвар, авхаалж самбаа сорьсон сэтгэн бодох өгөгдлүүд, эрх зүйн хэлбэрээс зөрчил олж хууль зүйн дүгнэлт хийх чадвар, эрх зүйн мэдлэгийн сонжуур, хэрэглээ, цахим бүртгэл ашиглах чадвар зэрэг 5 төрлөөр өрсөлдөж туслах ажилтан Б.Баасанжав бусдыгаа хошуучлан тэргүүн байранд шалгарч аймгийн ерөнхий прокурорын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан байна. Аймгийн ерөнхий прокурорын зүгээс тэмцээнийг зохион байгуулах комисс, түүнчлэн нийт хяналтын прокурор, туслах ажилтнууд идэвхитэй сайн бэлтгэж оролцсоныг цохон тэмдэглээд тэмцээнд оролцож түрүүлсэн хяналтын прокурор Б.Мөнгөншагай, туслах ажилтан Б.Баасанжав нарт 2 дугаар шатны шалгаруулалтанд нь амжилт хүссэн байна. 

                                                                   ХОВД АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Ховд аймгийн прокурорын газраас "Прокурор-2017”, "Туслах ажилтан-2017” тэмцээнийг Улсын Ерөнхий прокурорын газраас ирүүлсэн нэгдсэн удирдамжийн дагуу аймгийн болон Булган сум дахь Сум дундын прокурорын газрын прокурор, туслах ажилтнуудын дунд 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр нэгдүгээр шатны тэмцээнийг амжилттай зохион байгуулсан байна. "Прокурор-2017” тэмцээнийг 7 төрлөөр, "Туслах ажилтан-2017” тэмцээнийг 5 төрөл тус бүрээр зохион байгуулж дүнг нэгтгэхэд "Прокурор-2017” мэргэжлийн тэмцээнд Булган сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Тулгаа 331 оноогоор,  "Туслах ажилтан-2017” тэмцээнд Булган сум дахь Сум дундын прокурорын газрын прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтан Т.Өсөхболд 202,5 оноогоор тэргүүн байр эзэлж шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн болж хоёрдугаар шатанд оролцох эрхээ авчээ. Аймгийн ерөнхий прокурорын зүгээс тэмцээнд оролцсон прокурор, ажилтнуудад анхаарах зүйсийн талаар зөвлөж, дараагийн уралдаан, тэмцээндээ амжилттай оролцохыг хүссэн байна.

                                                    СҮХБААТАР ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ 

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, туслах ажилтнуудын дунд "Прокурор-2017”, "Туслах ажилтан-2017” мэргэжлийн уралдааны 1 дүгээр шатны тэмцээн энэ сарын 06-аас 09-ний өдрүүдэд болжээ. Шүүгчдийн бүрэлдэхүүнд тус дүүргийн Ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан мэргэжлийн уралдааныг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүд болох орлогч прокурор Ц.Хашбаатар, тамгын хэлтсийн дарга Н.Ихбаяр, ахлах прокурор Б.Төмөрчөдөр, З.Оюундэлгэр, Н.Мөнхнаран, Ц.Нямтайван, Б.Соёлсайхан нар оролцон шүүж Прокурор-2017, Туслах ажилтан-2017 мэргэжлийн уралдааны удирдамжид заасан төрлүүдээр дүгнэж, шалгаруулсан байна   "Прокурор-2017” мэргэжлийн уралдаанд тус прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнх-Од 1 дүгээр байранд, Р.Батнасан 2 дугаар байранд, 3 дугаар байранд Ш.Насанжаргал, Ц.Сүхбат нар удаалсан бол "Туслах ажилтан-2017” мэргэжлийн уралдаанд туслах ажилтан Н.Нямдорж 1 дүгээр байр, Х.Онолт 2 дугаар байр, Ч.Батчимэг, Ц.Шагдар нар гуравдугаар байрыг тус тус эзэлжээ. Тэмцээнд амжилттай оролцон шалгарсан прокурор, туслах ажилтнуудад Дүүргийн Ерөнхий прокурорын өргөмжлөл, мөнгөн шагналыг хамт олны өмнө гардуулж баяр хүргэсэн байна.  

ЗАВХАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

 Завхан аймгийн прокурорын газар "Прокурор-2017”, "Туслах ажилтан-2017” мэргэжлийн уралдааны 1 дүгээр шатны тэмцээнийг амжилттай, өрсөлдөөнтэй зохион байгуулж шилдэгүүдээ тодруулжээ. "Прокурор-2017” тэмцээний 1 дүгээр шатанд хяналтын прокурор Б.Төрболд, "Туслах ажилтан -2017” тэмцээний 1 дүгээр шатанд туслах ажилтан К.Нанжинханд нар шалгарч, тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн прокурор, туслах ажилтанд аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Ганбаатар амжилт хүсэж, гарын бэлэг гардуулжээ.  

                                        ДУНДГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ
Дундговь аймгийн прокурорын газраас "Прокурор-2017", "Туслах ажилтан- 2017" мэргэжлийн уралдааны нэгдүгээр шатыг амжилттай зохион байгуулжээ. Шүүгчдийн бүрэлдэхүүнд Аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор, орлогч прокурор, ахлах прокурор, тамгын хэлтсийн дарга нар оролцон тэмцээнийг шүүж, эрх зүйн мэдлэгийг шалгах 150 асуулт бүхий сонжуур, сэтгэн бодох чадварын бодлого, прокурорын эрх зүйн хэлбэрт хууль зүйн дүгнэлт хийх, эссэ бичих зэрэг төрлүүдээр шалгаруулсан байна. Тэмцээний удирдамжийн дагуу шалгалт тус бүрийг дүгнэж, тэмцээнд оролцсон прокурор, туслах ажилтаны авсан онооны дэс дарааллаар I байранд хяналтын прокурор Г.Хаш-Эрдэнэ, прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтан Б.Уртнасан нар шалгарч, байр эзэлсэн прокурор, туслах ажилтнуудад өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулжээ.

                                      БАЯНХОНГОР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

            Баянхонгор аймгийн прокурорын газраас "Прокурор-2017”, "Туслах ажилтан-2017” мэргэжлийн уралдааны 1 дүгээр шатны шалгаруулалтыг 2017 оны 11 дүгээр сарын 02-09-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулжээ.  Мэргэжлийн уралдаанд  бусдыгаа хошуучлан тэргүүн байр эзэлсэн хяналтын прокурор Э.Гантулга, туслах ажилтан Э.Уламбаяр нарыг  аймгийн прокурорын газрын  өргөмжлөл , мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан байна.