“ПРОКУРОР-2017”, “ТУСЛАХ АЖИЛТАН-2017” МЭРГЭЖЛИЙН УРАЛДААНЫ 2 ДУГААР ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

A- A A+
“ПРОКУРОР-2017”, “ТУСЛАХ АЖИЛТАН-2017” МЭРГЭЖЛИЙН УРАЛДААНЫ 2 ДУГААР ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

"Прокурор-2017”, "Туслах ажилтан-2017” мэргэжлийн уралдааны 2 дугаар шатны шалгаруулалт 2017 оны 12 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болж өндөрлөлөө. Уралдааны 1 дүгээр шатны шалгаруулалт Улс, Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүрэг, Сум дундын прокурорын газруудын прокурор, ажилтнуудын дунд зохион байгуулагдсан бөгөөд тус шатанд байгууллага хамт олноосоо шалгарсан нийт 31 прокурор, 32 туслах ажилтан 2 дугаар шатны уралдаанд оролцсон юм. Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өчигдөр Улсын Ерөнхий прокурорын газарт болж, хоёрдугаар шатны шалгаруулалтад байр эзэлсэн прокурор, туслах ажилтнуудад Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан болон Улсын Ерөнхий прокурорын орлогч прокурорууд, хэлтсийн дарга нар шагналыг гардуулан өглөө. "Прокурор 2017” мэргэжлийн уралдааны тэргүүн байрт Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Оргил-Очир, хоёрдугаар байрт Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батнасан, гуравдугаар байрт Сүхбаатар дүүргийн прокуроын газрын хяналтын прокурор Б.Мөнх-Од нар шалгарав. Тусгай байрт Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор У.Солонго, Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бүжинлхам, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Энхбат нар тус тус шалгарлаа. "Туслах ажилтан-2017” мэргэжлийн уралдааны тэргүүн байрт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын туслах ажилтан М.Энхтунгалаг, хоёрдугаар байрт Улсын Ерөнхий прокурорын газрын туслах ажилтан Т.Мөнх-Амгалан, гуравдугаар байрт Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын туслах ажилтан Т.Өсөхболд нар шалгарсан юм. Харин тусгай байрт Сэлэнгэ аймгийн прокурорын газрын туслах ажилтан Б.Балжидмаа, Хан-Уул дүүргийн прокурорын газрын туслах ажилтан Э.Намуун, Хөвсгөл аймгийн прокурорын газрын туслах ажилтан Б.Оюун-Эрдэнэ нар тус тус шалгарсан юм. Монгол Улсын прокурорын байгууллагаас прокурор, туслах ажилтнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, харилцан ур чадвараасаа суралцах, ажлын туршлага солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор 2016 оноос зохион байгуулж эхлээд байгаа. "Прокурор-2017”, "Туслах ажилтан 2017” мэргэжлийн уралдааны хоёрдугаар шатанд оролцсон болон шагналт байрт шалгарсан прокурор, туслах ажилтнууддаа баяр хүргэж, ажил хөдөлмөрт нь амжилт хүсье.