Тус аймгийн прокурорын газраас аянд нэгдэж хяналтын прокурор А.Оргилбаяр, О.Доржмаа, Д.Энхтуяа, Г.Яндаг нар иргэд хууль сурталчилах, аж, ахуйн нэгж байгууллагуудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт ажлыг шалгах зэрэг байдлаар ажлын хэсэгт орж шинээр батлагдсан Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын тухай хуулиар иргэдэд гарын авлага, тараах материал бэлтгэн, ерөнхий боловсролын болон их дээд сургууль, МСҮТ, томоохон аж ахуй нэгж, байгууллагуудад 122 цагийн сургалт явуулж, нийт 6308 иргэнд хууль сурталчилан ажилласан байна. Мөн хяналтын прокурор А.Оргилбаяр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр, хяналтын прокурор Н.Дуламсүрэн "Өсвөр насны хүүхдүүдийг архи, тамхи, ахуй хэрэглээний газын хор, хөнөөлөөс урьдчилан сэргийлэх” сэдвээр тус тус мэдээлэл бэлтгэж, аж ахуй нэгж, байгууллагууд, эцэг эх, асран хамгаалагч, хүүхдүүдийн төлөөллийг оролцуулсан зөвлөгөөнд оролцжээ. Мөн Дархан-Уул аймгийн орон нутгийн "ДИ ВИ ЭС” телевизээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын талаар болон прокурорын байгууллагын үйл ажиллагааны талаар аймгийн ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Мөнхбат, хяналтын прокурор О.Доржмаа нар тус тус ярилцлага өгсөн байна.
Аяны хүрээнд аймгийн прокурорын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран зам тээврийн осол болон хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт олон улсын чанартай автозамын дагуу мэдээллийн самбар байршуулсан зэргээр олон ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Аяны хаалтын ажиллагаа энэ сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Залуучууд театр болсон бөгөөд тус арга хэмжээний үеэр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идвэхтэй оролцсон "Шилдэг ажилтан”-аар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа шалгарч Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Г.Эрдэнэбат шагналыг гардуулж өгсөн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба