Прокурорын байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн 01 дүгээрсарын 29-ны өдрөөс 02 дугаар сарын 02-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү сургалт зөвлөгөөнд 21 аймаг, 8 дүүрэг, 8 сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурорууд оролцож,прокурорын байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилт, түүний дотор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих, төрийг төлөөлж шүүх хуралдаанд оролцох, Зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилт,гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх прокурорын хяналтын ажлын үр дүн, амжилт, алдаа, оноо, цаашид үйл ажиллагаандаа анхаарч хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ. Сургалт зөвлөгөөний 3 дахь өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүрэлцэн ирж оролцогчдод хандан үг хэлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ: "...Прокурор бол Үндсэн хуулийн байгууллага. Үндсэн хуулийн 56 дугаар зүйлд заасан чиг үүрэг бол Прокурорын байгууллагын гол хийж гүйцэтгэх ажил. Прокурорын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт "Прокурорын байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах үндсэн чиг үүрэг бүхий … байгууллага мөн” гэж тодорхойлсон прокурорын үүргийг дорвитой хэрэгжүүлээч гэж би та бүхнийг уриалж, бас шаардах гэж ирсэн юм. Хуулийн засаглалаа хамгаалах, хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх нөхцөлийг прокурор манлайлан бүрдүүлэхээс өөр арга байхгүй..." гэлээ.
Сургалт зөвлөгөөн Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан удирдах албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгч, 2018 оны үр дүнгийн гэрээ байгуулснаар өндөрлөсөн юм.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба