Tөрд учирсан хохирлын 46.0 хувь буюу 92.680.435 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн байна.
Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр: Эрх бүхий байгууллагуудын хүлээж авсан зөрчлийн талаарх нийт 533341 гомдол мэдээллийг хүлээн авч бүртгэх ажиллагаанд прокурор хяналт тавьсан бөгөөд 21275 буюу 3.9 хувийг нь хүлээн авахаас татгалзаж, 12656 буюу 2.3 хувьд нь зөрчлийн хэрэг нээж, 497912 буюу 93.3 хувийг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн.
Зөрчлийн хэргийн улмаас нийт 5.177.125.003 төгрөгийн хохирол учирснаас иргэнд 2.505.692.688, хуулийн этгээдэд 2.410.401.706, төрд 201.030.609 төгрөгийн хохирол учирсан ба иргэдэд учирсан хохирлын 60.7 хувь буюу 1.522.879.713 төгрөг, хуулийн этгээдэд учирсан хохирлын 2.8 хувь буюу 68.254.327 төгрөг, төрд учирсан хохирлын 46.0 хувь буюу 92.680.435 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн байна.
Хуулийн байгууллагуудын нэгдсэн системийн туршилтыг эхлүүлэхэд бэлэн болсон.
Цахим бүртгэл, прокурорын сургалтын талаар: Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн мэдээллийг шүүхийн мэдээллийн сан руу шилжүүлэх, шүүхээс прокурорын мэдээллийн сан руу мэдээлэл шилжүүлэх тохиргоог хийж хэвийн ажиллагаанд оруулсан бөгөөд шинэчлэн батлагдсан хуулиудад нийцүүлж бүртгэлийн програмыг өөрчлөх ажлыг Ай-Ти-Зоне ХХК, Цахим нэгтгэл төслийн багтай хамтран хийж, хуулийн байгууллагуудын нэгдсэн системийн туршилтыг эхлүүлэхэд бэлэн болсон. Зайн сургалтын системийг шинэчлэн боловсруулж, "eprocuror” системийн хэрэглэгчдэд гарын авлага бэлтгэснээс гадна холбогдох хичээлүүдийг"eprocuror” програмд оруулж, Прокурорын байгууллагын мэдээллийн сангаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдод зориулсан мэдээлэлд хандах програм хангамжийн бэлтгэл ажлыг хангасан.Прокурорын сургалтын хөтөлбөрийг шинэчилж, Улсын Ерөнхий прокурорын 2017 оны А/41 дугаар тушаалаар "Прокурор, ажилтнаас сургалт зохион байгуулах ажиллагаа”, А/46 дугаар тушаалаар "Прокурорын сургалтын хөтөлбөр”-ийг тус тус шинээр болон шинэчлэн батлуулан хэрэгжүүлж байна. "Монгол Улсын хүн амын дундах амиа хорлох тохиолдол”-ыг судлах суурь судалгааг хийж, дүнг Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, судалгааны үр дүнд үндэслэн Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яаманд санал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд Улсын Ерөнхий прокурорын мэдэгдэл хүргүүлэв. Судалгааны үр дүнд Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэргэд "Монгол Улсын хүн амын дундах амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх” ажлын хэсэг байгуулагдаж, уг ажлын хэсэгт прокурорын байгууллагын төлөөлөл орж ажиллаж байна.
Гадаад улсуудаас эрх зүйн туслалцаа авахаар ирүүлсэн 17 хүсэлтийг биелүүлжээ
Эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагаа: 2017 онд эрх зүйн туслалцаа авах талаар ОХУ, БНХАУ, БНСУ, Казахстан, Хонг Конг, ИБУИНВУ, Австрали, Австри, Швейцарь, Сингапур, Панам зэрэг нийт 12 улсад 18 хүсэлтийг хүргүүлсэн байна. Харин гадаад улсын эрх бүхий байгууллагаас эрх зүйн туслалцаа авахаар ирүүлсэн 17 хүсэлтийг биелүүлж, 1 хүсэлтийн дагуу ажиллагаа хийгдэж байна. Прокурорын байгууллага гадаад улсад хууль бусаар байршуулсан хөрөнгө, орлогыг хууль, олон улсын гэрээнд заасны дагуу Монгол Улсад буцаан авчрах ажиллагаанд онцгойлон анхаарч ажиллаж ирлээ. Тухайлбал, Монгол, БНСУ-иргэд бүлэглэн Монгол Улсын соёлын дурсгалт зүйл болох эртний амьтны ховор олдворыг хууль бусаар худалдан БНСУ руу гаргасан гэмт хэргийн нотлох баримт болох үлэг гүрвэлийн араг ясыг Монгол Улсад буцаан авахаар 2015 онд БНСУ-ын Дээд прокурорын газартай харилцан тохиролцсоны дагуу үлэг гүрвэлийн яс хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн эрүүгийн хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч, шинжээч нарын хамт БНСУ-д ажиллаж, үлэг гүрвэлийн олдворыг эд мөрийн баримтаар хүлээн авсан. ТүүнчлэнАвлигатайтэмцэх газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй авлига, албан тушаалын зарим хэрэгт гадаад улсад буюу оффшор бүсэд байршуулсан хөрөнгө, мөнгийг эргүүлэн авах ажиллагааны хүрээнд эрх зүйн туслалцааны хүсэлтийг илгээн, холбоо тогтоож хамтран ажиллаж байна. 2017 онд гадаад улсад хорих ял эдэлж байгаа 7 иргэн эх орондоо ялаа үргэлжлүүлэн эдлэх тухай хүсэлт гаргаснаас БНХАУ-д ял эдэлж байсан Б.Байгальмааг шилжүүлэн авсан ба 6 ялтныг шилжүүлэн авах тухай шийдвэр болон шаардагдах материалыг холбогдох байгууллагад уламжилсан. Монгол Улсад хорих ял эдэлж буй гадаад улсын харьяат 3 хүн эх орондоо ялаа эдлэх хүсэлт гаргаснаас Бангладеш Улсын 1, БНХАУ-ын 2 иргэний харьяалах улсад нь уламжилсан байна.
Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөө 01 сарын 29-нөөс 02 сарын 04-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болсон бөгөөд сургалт зөвлөгөөны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүрэлцэн ирж, хэлсэн үгэндээ: "...Хуулийн засаглалаа хамгаалах, хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх нөхцөлийг прокурор манлайлан бүрдүүлэхээс өөр арга байхгүй... Монгол улс хүчирхэгжин хөгжихөд хуулийн байгууллагуудын чармайлт шийдвэрлэх хүчин зүйл болох ёстой. Хууль үгүй бол хөгжил үгүй. Шударга ёс алсарвал сайхан амьдрал ч холдоно. Тийм учраас хуулийн байгууллагуудын нийт ажилтнууд хуулийн засаглалыг бэхжүүлэх, шударга ёсыг хэлбэрэлгүй хэрэгжүүлэхийн төлөө, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалахын төлөө тууштай ажиллах хэрэгтэй байна. Та нарын тус эх орон, ард түмэнд чинь чухлаар шаардагдаж байна..." " гэсэн билээ.
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА ХУУЛИАР ХҮЛЭЭСЭН ЧИГ ҮҮРЭГ, ТАВЬСАН ЗОРИЛТОО ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба