ТӨВ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС “ЗӨРЧЛИЙН ТУХАЙ БОЛОН ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ НЭГ МӨР ХЭРЭГЖҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ТӨВ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС “ЗӨРЧЛИЙН ТУХАЙ БОЛОН ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ НЭГ МӨР ХЭРЭГЖҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Төв аймгийн прокурорын газраас санаачлан Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн газартай хамтран "Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлье” сэдвийн дор прокурор, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын нэгдсэн сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулав. Нэгдсэн сургалт-зөвлөгөөнд тус аймагт зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 17 байгууллагын удирдах болон зөрчил шалган шийдвэрлэх 100 гаруй албан тушаалтан, алба хаагч нар хамрагдсан бөгөөд Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Л.Бадралт "Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа 2017 онд улсын хэмжээнд хэрхэн явагдсан” талаар мэдээлэл хийж, "Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал, түүнд тавих прокурорын хяналт”, Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Т.Ууганбаатар "Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн газрын үзлэг, тэмдэглэл хэрхэн үйлдэх, эд зүйл болон эд мөрийн баримтыг хэрхэн хураан авах, нотлох баримтыг хэрхэн бүрдүүлэх”, Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д.Цэрэндовдон "Мэдүүлэг авах журмын талаар болон хохирогч, гэрч, холбогдогчоос мэдүүлэг авахад анхаарах асуудал, мэдүүлэг авах арга хэлбэр” зэрэг сэдвүүдээр онолын сургалт явуулсан байна. Мөн сургалт, зөвлөгөөний үеэр эрх бүхий албан тушаалтнуудаар зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, хэргийн газрын үзлгийн тэмдэглэл, хохирогч, холбогдогч, гэрчээс мэдүүлэг авах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл зэргийг биечлэн үйлдүүлэх зэргээр практик сургалт хийж, зөрчил шалган шийдвэрлэх явцад гарч буй хүндрэл бэрхшээл, зөрчил болон хууль хэрэглэх явцад үүсч буй зөрүүтэй ойлголтуудыг нэг мөр ойлгох, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх асуудлаар санал солилцжээ. Сургалт, зөвлөгөөний төгсгөлд Зөрчлөөс урьдчилансэргийлэх ажлыг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах талаарх хэлэлцүүлгийг зохион байгуулж, эрх бүхий албан тушаалтнудаас гаргасан саналыг нэгтгэн авч Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлтэй хамтран зөрчилөөс урьдчилан сэргийлэх ажлын үе шаттайгаар зохион байгуулахаар болсон байна.