УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР 18001919 ТУСГАЙ ДУГААРЫН УТАС АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

A- A A+
УЛСЫН  ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР  18001919 ТУСГАЙ ДУГААРЫН УТАС АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

 Улсын  ерөнхий прокурорын газар, Азийн сантай хамтран Прокурорын байгууллагын ил тод байдал, сайн засаглалыг бэхжүүлэх, авлига, ашиг сонирхлын  зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллах төслийн хүрээнд 2016 онд Азийн сантай хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан билээ. Дээрх Санамж бичгийн  хүрээнд прокурор, ажилтны ашиг сонирхлыг зөрчил, сахилга хариуцлага, ёс зүйтэй холбоотой асуудлаар иргэд, олон нийт,  зөрчлийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдоос гаргасан гомдол, мэдээллийг тусгай дугаарын утсаар  хүлээн авах журмыг Ерөнхий прокурорын 2018 оны 3 дугаар сарын 1 ны өдрийн А/20 дугаар  тушаалаар баталж, үйл ажиллагааг эхлүүлээд байна. Журамд зааснаар тусгай дугаарын утсыг Улсын  ерөнхий прокурорын газрын Хяналт шалгалт, дотоод аюулгүй байдлын хэлтэс хариуцан ажиллуулах бөгөөд гомдол мэдээллийг Улсын  ерөнхий прокурорын газарт байрлуулсан 18001919 тусгай дугаарын утсаар ажлын өдрүүдэд 8.30-17.30 хооронд хүлээн авна.   

Мөн  Азийн сантай хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Prokuror.mn сайтыг улам боловсронгуй болгох, шинэчлэх ажлыг Азийн сан Канадын засгийн газрын санхүүжилтээр хийж гүйцэтгэсэн.

Prokuror.mn сайт нь иргэд олон нийтэд чиглэгдсэн бөгөөд прокурорын байгууллагын үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаа, зорилт, эрүүгийн болон Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх мэдээллийг  сайтаар дамжуулан танилцах боломжтой.

 Prokuror.mn сайт  нь  "Иргэн танд",  Дотоод үйл явдлын мэдээ, мэдээлэл гэсэн үндсэн 2  цэстэй.

"Иргэн танд"  цэсээр   иргэд, олон нийтэд  хэрэгцээтэй хууль эрх зүйн мэдээ мэдээлэл, хуулийн шинэчлэл өөрчлөлт , гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийн анхааралд байгаа гэмт хэрэг зөрчлийг шалгаж, шийдвэрлэсэн талаарх мэдээ мэдээлэл , нэвтрүүлэг, ярилцлага зэргийг  түгээх болно.

Дотоод үйл явдлын мэдээ, мэдээлэл" цэсээр Дотоодын сургалт, заавар журмын хэрэгжилт, хамтарсан зөвлөгөөн гэх мэт  прокурор ажилтан нарт зориулсан мэдээ мэдээллийг хүргэх болно.

"Хаяг байршил" хэсэгт  Сайтад иргэд олон нийтэд ойлгомжтой байдлаар прокурорын байгууллагуудын хаяг  байршлуудыг, холбоо барих утасны дугаартай байршуулсан. Мөн сайтанд иргэд олон нийтэд хууль эрх зүйн чиглэлээр эрэлттэй хэрэгцээт мэдээллийг асуулт, хариулт байдлаар "Нийтлэг асуулт, хариулт " булангаар хүргэх болно.