Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас энэ сарын 29-ний өдөр Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн Ял эдлүүлэх тасагтай хамтран шүүхийн шийтгэх тогтоолоор “үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах” албадлагын арга хэмжээ авагдсан этгээдүүдтэй уулзалт зохион байгуулсан байна. Тус дүүргийн прокурорын газрын хэмжээнд эрх хязгаарлах, үүрэг хүлээсэн 47 этгээд байгаа бөгөөд “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглож хязгаарласан, гэмт хэргийн хор уршигийг арилгах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээсэн этгээдүүдэдтэй биечлэн уулзаж, шүүхээс тогтоосон хязгаарлалт, үүргийг зөрчсөн тохиолдолд шүүхийн шийдвэрээр ял оногдуулах хуулийн заалттай болохыг тайлбарлан таниулж, Эрүүгийн хуулийн 7.3-д заасан “ үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ”-ний талаар 1 цагийн сургалтыг хийсэн байна. Мөн Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн буюу бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд гэм буруугийн асуудлыг заавал шүүхээр тогтоож, эрүүгийн хариуцлага оногдуулдаг болсон талаар жишээ баримтад үндэслэн тайлбарлан ойлголт өгсөн байна. Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан иргэдийн санал, хүсэлтийг сонсож, сонирхсон асуултад хариу өгч, санаатай, болгоомжгүй дахин гэмт хэрэгт холбогдохгүй байх, уур бухимдлыг барих, согтууруулах ундааны зүйлийг хэрэглэхгүй байх талаар яриа таниулга хийсэн нь үр дүнтэй арга хэмжээ болсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба