Ховд аймгийн Прокурорын газраас санаачлан аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран “Хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх нь” сэдэвт нэгдсэн сургалт, зөвлөгөөнийг Гэр бүл, хүүхэд, залуучуудийн хөгжлийн газрын хурлын танхимд энэ сарын 28-ны өдөр зохион байгуулсан байна. Нэгдсэн сургалт зөвлөгөөнд Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг 23 ерөнхий боловсролын дунд сургуулийн 47 захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, хүүхдийн эрх хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын удирдлагууд оролцож өсвөр насны хүний гэмт хэрэгт холбогдох шалтгаан нөхцөл, түүнээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга замын талаар хэлэлцэж, тодорхой саналуудыг гаргажээ. Зөвлөгөөнд Ховд аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Н.Доржсүрэн өсвөр насны хүний гэмт хэрэг, зөрчилд холбогдсон болон хохирсон талаарх 4 жилийн нөхцөл байдлын мэдээллийг, Аймгийн ерөнхий прокурорын орлогч прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Цогтбадрах “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл”, Хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Т.Жавхлантөгс “Зөрчлийн тухай хууль дахь хүүхдийн эрх”, “Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”, мэргэжилтэн О.Өлзийсайхан “Боловсрол дахь хүүхдийн эрхийн зөрчил”, Хүүхдийн эрхийн улсын байцаагч О.Мандалсүрэн “Орон нутаг дахь хүүхдийн эрхийн асуудлыг анхаарах нь” сэдвээр тус тус сургалт явуулж, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар санал солилцон, хамтран ажиллахаар болсон байна. Тус зөвлөгөөн нь хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд Прокурорын байгууллага, Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага болон ерөнхий боловсролын дунд сургуулиудын ажлын уялдаа, холбоог сайжруулах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүй, танин мэдэхүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн, цаг үеэ олсон сургалт, зөвлөгөөн болжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба