ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР АЙМГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧ НАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР АЙМГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧ НАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Дархан-Уул аймгийн Прокурорын газар аймгийн Давж заалдах шатны болон анхан шатны шүүхийн шүүгч нартай 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж, уулзалт ярилцлага хийжээ.

Зөвлөгөөнөөр шинэчлэн батлагдсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан тушаал, журам, зааврыг хэрэгжүүлж ажиллах явцад хуулийн зарим заалтыг хэрэглэхэд практикт гарч байгаа хүндрэл бэрхшээл, саналын зөрүүтэй ойлголтуудыг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх талаар харилцан санал солилцож:

-шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан үндэслэлээр буюу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулалгүйгээр хэргийг прокурорт буцааж байгаа тохиолдол,

-шүүхээс хорих ялыг тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаа этгээдэд оногдуулах ялыг нэмж нэгтгэх асуудлыг нэг мөр ойлгох,

-шүүхээс торгуулийн ялыг биелүүлэхийг тогтоосон хугацаанд уг ял биелэгдэх боломжгүй буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохоос өмнө /давж заалдах, хяналтын шатны шүүхэд хянагдах хугацаанд/ шүүхээс тогтоосон хугацаа өнгөрөх тохиолдол гарч болзошгүй бегеед шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хүндрэл үүсэх магадлалтайг харгалзан шүүхээс торгуулийн ялыг биелүүлэх хугацааг хуульд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш гэж хугацааг тодорхойлж тогтоож өгч байх нь зүйтэй зэрэг асуудлуудад харилцан зөвшилцөлд хүрсэн.

Мөн нийтэд тустай ажил хийлгэх ялын хэрэгжилтийг хангах хүрээнд тодорхой ажлыг хийж гүйцэтгүүлэх талаар орон нутгийн холбогдох байгууллагуудаас захиалга, хүсэлтийг авч судлан, үүний дагуу улсын яллагч шүүх хуралдаанд хаана ямар байгууллагад, ямар ажлыг, хэдий хугацаагаар хийлгэх талаар санал, дүгнэлт гаргаж, шүүх улсын яллагчийн саналыг харгалзан шийдвэрлэж байхаар тогтжээ.