Улсын Ерөнхий прокурорын газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Улсын яллагчийн мэтгэлцэх ур чадварыг дээшлүүлэх нь” сэдэвт сургалт 2018 оны 3-р сарын 28-30-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн прокурорын газарт зохион байгуулагдлаа. Сургалтанд Улсын Ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар, Дүүргийн прокурорын газрууд буюу бүх шатны прокурорын газраас сургагч багш нар багаар оролцож, эхний өдөр мэтгэлцээний тухай ойлголт, шинэчлэн батлагдсан Эрүү, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг нэг мөр хэрэгжүүлэхтэй холбоотойгоор прокурор шүүх хуралдаанд бэлтгэх, хялбаршуулсан журмаар хэрэг хянан хэлэлцэх ажиллагаа, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт прокурор оролцох, хэлэлцүүлэг эхлэх үе шатаас эхлэн мэдүүлэг авах буюу асуулт, хариулт тавих тактик, эсэргүүцсэн санал гаргах, нотлох баримтыг шинжлэн судлах, улсын яллагчийн дүгнэлт хэлэх ур чадвар, ял, эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд хэрхэн оролцож дүгнэлт гаргах зэрэг сэдвүүдээр сургалтыг явуулжээ.
Дараагийн өдрүүдэд үзүүлэх шүүх хуралдаанд прокуроруудыг бэлтгэн оролцуулж, багт хуваагдан улмаар шүүх хуралдааны бичлэгийг үзэж багш нараас дүгнэлт хийн, гарч буй алдаа, зөрчил, анхаарах асуудлуудын талаар харилцан санал солилцон ярилцжээ. Дээрх сургалтанд тус дүүргийн прокурорын газрын нийт 20 прокурор, хуульчийн гэрчилгээтэй 4туслах ажилтан хамрагдсан бөгөөд хяналтын прокуроруудын мэтгэлцэх ур чадварыг сайжруулах чиглэлээр онолын сургалт явуулахаас гадна мэтгэлцэх ур чадварт газар дээр нь үнэлэлт дүгнэлт өгч практик сургалтыг хослуулан явуулсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба