Дорнод аймгийн прокурорын газрын 2017 оны 1 дүгээр улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Дорнод аймгийн хэмжээнд гарсан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан "Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх" гэмт хэргийн гаралт, гэмт хэрэг үйлдэгчдийн нас, хүйс, боловсрол, ажил эрхлэлтийн байдал, гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаа, гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэмтэл, хохирол, шалтгаан нөхцөл зэргийг 2017 оны сүүлийн хагас жил, 2018 оны эхний 2 сарын байдлаар нэгтгэн судалжээ. Судалгаагаар дээрх хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 20 гомдол мэдээлэл Цагдаагийн байгууллагад амаар болон бичгээр бүртгэгдсэнээс 6 гомдол, мэдээлэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаснаас 2 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, 2 хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлэр хааж шийдвэрлэсэн бол 1 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг аймгийн Цагдаагийн газраас явуулж байна. Харин прокуророос шүүхэд шилжүүлсэн энэ төрлийн 2 хэргийн 1 хэргийг шүүхээс эцэслэн шийдвэрлэж, улмаар шүүгдэгчид 6 сарын хорих ял оногдуулсан байх ба 1 хэрэг нь шүүхээс эцэслэн шийдвэрлэгдээгүй, шүүхийн шатанд хянагдаж байна. Судалгааны дүнгээр Хэрлэн сумын нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлийн 18 буюу 90 хувь нь үйлдэгдсэн нь бусад сумдуудтай харьцуулахад хамгийн ихээр үйлдэгдсэн байх ба гэмт хэрэг үйлдэгдэж буй шалтгааныг судалж үзэхэд иргэд нь гэр бүлийн орчин, ахуйн хүрээнд найз нөхөд, ах дүү, хамаатан саднаараа архидан согтуурсны улмаас гэр бүлийн гишүүдийн хооронд хэрүүл, маргаан, хардалт, үл ойлголцол, хувийн таарамжгүй харьцаа үүссэнтэй, нөгөө талаас иргэдийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал, аймаг орон нутгийн хэмжээнд ажилгүйдэл, ядуурал их байгаатай шууд холбоотой болох нь тогтоогдсон байна.Харин гэмт хэрэг үйлдэгдсэн обьект, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцлийг судалж үзвэл гэмт хэрэг үйлдэгч нар нь өөрийн гэртээ буюу бусдын орон байранд, ахуйн хүрээнд үйлдэгдсэн болох нь тогтоогдсон байх ба гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн 85 хувийг нь 30-45 насны тодорхой эрхэлсэн ажилгүй, бага боловсролтой этгээдүүд эзэлж байна. Судалгааны дүнг аймгийн прокурорын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцээд аймаг, орон нутгийн хэмжээнд энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж ажиллах талаар гэмт хэрэг ихээр үйлдэгдсэн Хэрлэн сумын 1, 9 дүгээр баг болон Гурванзагал сумын засаг дарга нарт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 5/13, 5/14, 5/15 дугаартай прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлсэн байна. Түүнчлэн “Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй” гомдол, мэдээлэл болон эрүүгийн хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэт хийлгэх, хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлан үндэслэлтэй шийдвэрлэхэд онцгой анхаарч, энэ төрлийн гомдол, мэдээлэл, эрүүгийн хэргийг шалгахад гэрч, хохирогчийг хамгаалах, мөрдөн шалгах ажиллагааны явцад зайлшгүй хийж гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан, үндэслэл журмын дагуу түргэн шуурхай хийж гүйцэтгэхэданхаарах асуудлын талаар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын удирдлага, холбогдох албан тушаалтнууд, Ерөнхий болосвролыг сургуулиудын захирал, нийгмийн ажилтнууд, Цагдаагийн газрын гэр бүл, хүүхдийн хүчирхийлэл хариуцсан байцаагч, нийт мөрдөгч, прокуроруудыг хамруулан тусгайлсан сургалтыг тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран 2018 оны 04 дүгээр сард багтаан зохион байгуулах, мөн энэ төрлийн гэмт, хэрэг зөрчил ихээр үйлдэгдэж буй Дорнод аймгийн Хэрлэн сумын засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагчид Хэрлэн сумын хэмжээнд гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцлийг арилгуулахаар Прокурорын мэдэгдэл хүргүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба