“НИЙТЭД ТУСТАЙ АЖИЛ ХИЙЛГЭХ ЯЛЫН БИЕЛЭЛТИЙГ САЙЖРУУЛАХ, ХУУЛИЙГ НЭГ МӨР ХЭРЭГЖҮҮЛЖ АЖИЛЛАХ НЬ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“НИЙТЭД ТУСТАЙ АЖИЛ ХИЙЛГЭХ ЯЛЫН БИЕЛЭЛТИЙГ САЙЖРУУЛАХ, ХУУЛИЙГ НЭГ МӨР ХЭРЭГЖҮҮЛЖ АЖИЛЛАХ НЬ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баянхонгор аймгийн прокурорын газраас санаачлан 2018 онд Улсын Ерөнхий Прокурорын газраас ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтийг сайжруулах, хуулийг нэг мөр хэрэгжүүлж ажиллах нь” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгуулжээ.  Хэлэлцүүлэгт тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын 2017 оны А/168 дугаар тушаалаар батлагдсан Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтныг ажиллуулах байгууллагын жагсаалтад багтсан байгууллагуудын удирдлага, төлөөллүүдээс бүрдсэн 38 эрх бүхий албан тушаалтан, алба хаагч нар оролцсон байна.  Тус хэлэлцүүлэгт аймгийн Шүүхийн Эрүүгийн хэргийн шүүхээс “Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж буй үндэслэл, гарч буй хүндрэл бэрхшээл”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, гарч буй хүндрэл бэрхшээл”, аймгийн Прокурорын газраас “Нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд тавих прокурорын хяналт, анхаарах зүйлүүд” сэдвүүдээр  мэдээлэл хийж , хэлэлцүүлжээ.  Хэлэлцүүлэгт оролцогч байгууллагуудад нийтэд тустай ажил хийлгэх  ялын талаар тодорхой ойлголт өгч, мөн цаашид тухайн ялыг хэрэгжүүлэхэд хэрхэн хамтран ажиллах, ажлын байрны талаархи саналыг 7 хоног бүр өгч байх ажлыг зохион байгуулах, улсын яллагч нараас шүүх хуралдаанд ялтныг ажиллуулах байгууллага, ажлын байрны талаар санал гаргаж хэвших, шүүхээс саналыг харгалзан шийдвэр гаргаж байх, энэ төрлийн ялын биелэлтийг сайжруулах, хуулийг нэг мөр хэрэгжүүлж ажиллах талаар тодорхой ач холбогдолтой санал шийдвэрүүд гарсан чухал хэлэлцүүлэг болж, хэлэлцүүлгийн эцэст энэ төрлийн ялын биелэлтийг сайжруулахад анхаарах ажлын чиглэлийг оролцогч байгууллагуудад хүргүүлэхээр шийдвэрлэжээ. Хэлэлцүүлгийн үеэр нийтэд тустай ажил хийлгэх ялыг  ажлын  1 өдөр 4 цагаар тогтоосон нь ялыг бодитой эдлэх боломжийг хязгаарлаж байгаа талаар болон хуулийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар  гарсан саналыг ажлын хэсэгт хүргүүлэх талаар санал гаргасныг  уламжлахаар болжээ.