ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС “ХҮҮХЭД ХАМГААЛАЛД ЭЦЭГ, ЭХ, БАГШ, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА” ӨДӨРЛӨГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОВ

A- A A+
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС “ХҮҮХЭД ХАМГААЛАЛД ЭЦЭГ, ЭХ, БАГШ, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА” ӨДӨРЛӨГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОВ

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас хүүхэд хамгааллын ажлыг эрчимжүүлэх, хүүхдийг гэмт хэрэг, гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, цахим орчны хор хөнөөл, хүчирхийллээс хамгаалах зорилгоор “Хүүхэд хамгаалалд эцэг, эх, багш, төрийн байгууллагын хамтын ажиллагаа” өдөрлөгийг  энэ сарын 07-ны өдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулжээ. Өдөрлөгт Хан-Уул дүүргийн Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгчид, хороодын Засаг дарга, Ерөнхий боловсролын сургуулийн багш нар,  Хан-Уул дүүргийн төрийн өмчийн 18 сургуулийн 8-12 дугаар ангийн сурагчдын эцэг, эх, сургуулийн захирал, багш, дүүргийн  төрийн  байггууллагууд, прокурорын газрын болон цагдаагийн байгууллагын төлөөлөл зэрэг нийт 5000 гаруй хүн, зочид төлөөлөгчид оролцсон байна. Өдөрлөгийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс, Цагдаагийн 1, 2  дугаар хэлтэс, дүүргийн Прокурорын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, “Айзор зоне” ХХК, "Дэлхийн зөн" ОУ-ын байгууллага хамтран амжилттай зохион байгуулжээ.

Тус үйл ажиллагаа нь нийслэлийн хэмжээнд анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлог бөгөөд  Хан-Уул дүүргийн нийт хүн амын 42 хувь буюу 71289 нь 0-18 насны хүүхэд, үүнээс 15-18 насны хүүхдүүд 7520 буюу 11 хувийг эзэлж байна. Өдөрлөгт оролцогчид Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд интернэт хэрэглээ өсөн нэмэгдэхийн зэрэгцээгээр цахим орчинд далд нууцлагдмал хэлбэрээр хүүхдийн эрхийн зөрчлүүд ихээхэн тохиолдож байгаад анхаарал хандуулах  шаардлагатай байгааг тэмдэглээд , 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 3 дугаар сарыг хүртэлх  3 сарын хугацаанд  9-12 дугаар ангийн 1000 гаруй хүүхдийн цахим хэрэглээнд мэргэжлийн байгууллагатай хамтран хийсэн мэдээллийн технологийг ашиглан тандалт судалгааны дүнгээс харахад судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 82 хувь нь садар самуун, аллага, хүчирхийлэлтэй холбоотой цахим хаягуудаар нэвтэрч мэдээ мэдээллийг үзэж, өдрийн 24 цагийн 16,5 цагийг цахим орчинд өнгөрүүлдэг болох тогтоогджээ.

Өдөрлөгт  “Гэр бүл судлалын төв”-ийн судлаач, доктор Г.Наранбаатар -“Гэр бүлийн үнэ цэнэ” лекц тавьж, Нийслэлийн Цагдаагийн газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Баярбаясгалан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ын талаар мэдээллийг өгч, Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Мөнхжаргал “Интернет, цахим тоглоомын зүй бус хэрэглээ, хор уршиг, эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчдийн оролцоо” сэдвээр лекц тавьсан байна. Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал, эмч В.Баярмаа “Өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэнд” сэдвээр, ”Айзор зоне” ХХК-ийн захирал С.Батсайхан “Хүүхдийг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, таслан зогсооход дэвшилтэт технологийг ашиглах” зэрэг илтгэлүүдийг тус тус тавьж, өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн онцлогийн талаар анхаарвал зохилтой мэдээллүүдийг өгчээ.  

Өдөрлөгт оролцогчид хүүхэд хамгааллын асуудал бол зөвхөн төрийн анхаарах асуудал биш, багш, эцэг, эхчүүдийн үүрэг, хариуцлага улмаар нийгмээрээ анхаарах асуудал гэдгийг онцлоод эцэг, эх, багш, төрийн албан хаагчид хүүхдэд хандах хандлагадаа эерэг өөрчлөлт гаргаж, хараа хяналтаа сайжруулж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг уриалсан байна. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулснаар эцэг эх, багш, сургууль, төрийн байгуллагуудын хоорондын уялдаа холбоо сайжирч, хүүхдийг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, таслан зогсооход дэвшилтэт технологийг ашиглах, хүүхэд хамгааллын ажлыг сайжруулах ач холбогдолтой бөгөөд цаашид тус үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөжээ.