Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас энэ сарын 04-ний өдөр зөрчил шалган шийдвэрлэх 19 байгууллагын зөрчлийн хэрэг бүртгэлтийн удирдах албан тушаалтнуудтай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулсан байна. Зөвлөгөөнийн үеэр эрх бүхий байгууллагуудын 2017 оны сүүлийн хагас жилд явуулсан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны тоон үзүүлэлтийг байгууллага тус бүрээр нь харьцуулсан дүн мэдээ, зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад гарсан нийтлэг зөрчил болон эрх бүхий албан тушаалднуудад анхаарвал зохих зүйлийн талаар хяналтын прокурор А.Ариунзаяа мэдээллийг хийжээ. Аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газар, Мэргэжлийн хяналтын газраас өөрсдийн байгууллагын харъяалан шалгах зөрчлийн онцлог, Зөрчлийн тухай хууль, Зөрчлийн шалган шийдвэрлэх тухай хуулиудыг хэрэгжүүлэх явцад үүсч буй хүндрэл, бэрхшээл, удирдах албан тушаалтнаас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад авч хэрэгжүүлсэн удирдлага зохион байгуулалтын арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулгыг хийсэн байна. Зөвлөгөөнөөр цаашид анхаарах асуудлын талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтнуудын удирдах албан тушаалтнуудаас гаргасан санал асуулгын хүрээнд зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад хүчингүй болсон хууль тогтоомжийг хэрэглэхгүй байх, нэг байгууллагаас нөгөөд шалгуулахаар шилжүүлсэн зөрчлийн талаарх гомдол мэдээллийг даруй бүртгэлд авч шийдвэрлэх, зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа байгууллагуудаас шалтгааныг нь тодруулан ярилцаж, зөвлөгөөний төгсгөлд зөрчлийн хэргийг хуулийн анхны хугацаанд шийдвэрлэх, эрх зүйн хэлбэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу үйлдэж, эрх бүхий албан тушаалтныг мэргэжлийн удирдлагаар хангаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зохион байгуулж ажиллах талаар зөрчлийн хэрэг бүртгэлийг удирдах албан тушаалтнуудад анхааруулан санал солилцож, хууль, түүнд нийцүүлэн гаргасан заавар, журмыг хэрэгжүүлэх талаар нэгдсэн ойлголтонд хүрчээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба