Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төв нь Монголын Хуульчдын холбоотой хууль зүйн судалгаа хийх, сургалт зохион байгуулах, сурталчилгааны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Гэрээнд Улсын Ерөнхий прокурорын туслах, Сургалт судалгааны төвийн дарга М.Гантулга, Хуульчдын холбооны ерөнхийлөгч Ж.Хунан нар үсэг зурж баталгаажуулсан байна. Уг гэрээний хүрээнд Хууль зүйн шинжлэх ухааны хөгжлийг дэмжих, бодлогын судалгаа хийх чиглэлээр хамтран судалгаа хийх, хууль тогтоомжийн төслийг боловсруулахад хамтран ажиллах, хууль тогтоомжийн үр нөлөө, хэрэгжилтэнд социологийн хамтарсан судалгаа хийх, Монгол Улс дахь хууль зүйн практикийг судлах, шинжлэх ухааны үнэлэлт, дүгнэлт өгөх, судалгааны чиглэлээр гадаад, дотоодын байгууллагуудын санхүүжилт, дэмжлэгийг авах зорилгоор хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хуульчийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, боловсролыг дэмжих /хуульчийн үргэлжилсэн болон сургалт хэлэлцүүлэг, семинар, мэтгэлцээн онол практик, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, ном товхимол гаргах, Хуульчдын холбоотой хамтран ажилладаг улс орон байгууллагуудаас зохион байгуулж буй гадаад, дотоодын сургалт, уулзалт, олон улсын эрдэм шинжилгээний хурал зөвлөгөөнд прокурор, ажилтнуудыг хамруулах, дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба