Дархан-Уул аймгийн прокурорын газар, Эрүү, Иргэний хэргийн анхан болоод давж заалдах шатны шүүх, 445-р нээлттэй хорих анги, 435-р хаалттай хорих ангиуд “Шүүхийн шийдвэрийн бодит биелэлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хамтарсан уулзалт зөвлөгөөний энэ сарын 16-ны өдөр 435-р хаалттай хорих ангийн хурлын танхимд зохион байгуулжээ. Тус зөвлөгөөнийг нээж Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Я.Туул хэлсэн хэлсэн үгэндээ “Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжтэй эрх зүйн баримт бичиг мөн боловч эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын биелэлт тэр бүр бүрэн дүүрэн хангагдахгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэг хүлээсэн иргэд байгууллага үүргээ биелүүлэхгүй байх явдал байсаар байна. Энэ нь нэг талаас шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулагуудын уялдаа холбоо мэдээлэл, солилцох ажиллагаа хангалтгүй байгаа явдалтай холбоотой гэж үзэхээр байна. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон тус аймаг дахь шүүхүүд , шүүхээс оногдуулж байгаа ялын биелэлтэнд хяналт тавих эрх бүхий прокуроруудын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байна” гэж хэлсэн байна. Мөн тэрээр 2018 он гарсаар ямар ямар ялын төрлөөр хичнээн гүйцэтгэх хуудас бичигдсэн, биелэлт нь хэдэн хувьтай байгаа талаар статистик тоо баримтуудыг дурьдаад цаашид хуульд заасан журмын дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн мэдээллийг шүүхүүд шүүгч тус бүрээр гарган ирүүлж байх, мөн хохирол төлбөр барагдуулах ялангуяа ШШГА-ны дансанд байгаа хохирол төлбөрийг хохирогч болон тэдний хууль ёсны төлөөлөгч нарт хүргэх ажлыг хамтран зохион байгуулах гэсэн санал гаргажээ. Хөтөлбөрийн дагуу Дархан-Уул аймгийн ерөнхий прокурор Ц.Мөнхбат хийсэн мэдээлэлдээ “Шинэ шинэ хуулиуд хэрэгжиж эхэлснээр эрх зүйн шинэ орчин бий болж, үүнтэй уялдуулан холбогдох хууль тогтоомж, заавар, журмуудыг шинэчлэн мөрдүүлэх ажиллагаа зайлшгүй чухлаар тавигдаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд ихээхэн өөрчлөлт орж, хэрэгжиж эхэлснээр ШШББ-н ажилтнууд ялангуяа шийдвэр гүйцэтгэгч нарын үүрэг хариуцлага, ажлын ачаалал нэмэгдэн та бүхний өмнө ихээхэн зориг тэвчээр, сэтгэл зүтгэл шаардсан зоримог үйл ажиллагаа явуулах хуулийн шаардлага тулгараад байна. Дархан-Уул аймгийн хэмжээнд торгох ялын биелэлт маш доогуур 50%-даа ч хүрэхгүй, мөн нийтэд тустай ажил хийлгэх ялын хэрэгжилт хангалтгүй байгаа зэрэг сөрөг муу үзүүлэлтүүд гарч байгаад бид бүхэн дүгнэлт хийх ёстой. Үүний зэрэгцээ гүйцэтгэх хуудас хугацаандаа бичигдэж ирэхгүй байгаагаас гүйцэтгэлийн ажиллагаа явуулахад хүндрэл гарч байгаа тухай шийдвэр гүйцэтгэгч нар удаа дараа асуудал тавьж байгаа ч өнөөдөр нүүр нүүрээ харалцан ярилцаж байгаагийн хувьд гүйцэтгэх хуудасны хугацааны асуудлаар дахин сөхөгдөхгүйгээр цэг тавин шийдвэрлэх ёстой. Бас нэг хүндрэлтэй асуудал нь нуугдмал хөрөнгийг илрүүлэх ажиллагаа хангалтгүй байгаагаас төлбөр авагчийн гомдол барагдахгүй, шүүхийн шийдвэр биелэгдэхгүйд хүрээд байна. Цаашид Шүүхээс торгох ял оногдуулахдаа ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулж байх, хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн хүн ял эдлэхээс зайлсхийсэн тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлага гүйцэтгэх ажилтнуудыг татан оролцуулж, эрэн сурвалжлах ажлын явц үр дүнг сайжруулах шаардлагатай байна” гэж Дархан-Уул аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Мөнхбат хэлжээ. Зөвлөгөөний эцэст аймгийн шүүхийн шүүгч нар болон хорих ангийн удирдлага, шийдвэр гүйцэтгэгч нараас гаргасан олон чухал санал, санаачлагуудыг нэгтгэн зөвлөмж гарын авлага болгон Прокурор, Шүүх, ШШББ-н ажилтнуудад хүргүүлэх, мөн энэхүү зөвлөгөөнийг хагас жил тутам зохион явуулж байх гэсэн шийдвэрт хүрсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба