ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨНӨӨР ОЛОН ЧУХАЛ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

A- A A+
ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨНӨӨР ОЛОН ЧУХАЛ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Булган аймгийн прокурорын газраас Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг энэ сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Энэ уулзалтын зорилго нь харьяа мөрдөн шалгах байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гаргаж буй зөрчил дутагдал, хууль, түүнд нийцүүлэн гаргасан заавар, журмын хэрэгжилтийг хангуулах, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаах ажиллагааны чанар үр дүнг нэмэгдүүлэх зорилготой зохион байгуулагдсан юм.

Хамтарсан уулзалт, зөвлөгөөнөөр Улсын Ерөнхий прокурорын газраас 2018 онд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилт, мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналтын ажлын чанар, үр дүнг эрс нэмэгдүүлэх, албан хаагчдын ажлын сахилга хариуцлагыг сайжруулах зэрэг асуудлуудыг хэлэлцэж, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд гаргаж байгаа алдаа, зөрчил, цаашид авч хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээний хүрээнд санал солилцов.

Зөвлөгөөнд Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах эрх бүхий нийт мөрдөгч нар хамрагдсан бөгөөд аймгийн Ерөнхий прокурорын орлогч Ж.Болорпүрэв оролцон, “Улсын Ерөнхий прокурорын газраас 2018 онд дэвшүүлсэн зорилт, чиглэл, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны чанар, үр дүнд сайжруулахад анхаарах асуудлууд, цаашид авах арга хэмжээ” сэдвээр мэдээлэл хийж мөрдөгч нарт анхаарч ажиллах асуудлын талаар зөвлөмж, чиглэлийг өглөө. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий прокурорын өгсөн үүрэг, даалгавар, хуульд нийцүүлэн гаргасан аргачилсан заавар, журмын хэрэгжилтийг нэг мөр хангуулах, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааг эрчимжүүлэх, ажлын чанар, үр дүнг сайжруулах, албан хаагчдын ажлын хариуцлага нэмэгдүүлэх зэрэгтэй холбогдуулан харьяа Цагдаагийн газарт “Ажил сайжруулах тухай” 25 заалт бүхий чиглэлийг танилцуулж, хэрэгжилтийг хангаж ажиллах талаар үүрэг болгосон юм.

Хамтарсан уулзалт, зөвлөгөөнөөр албан хаагчдын мэдлэг, ажлын ур чадварыг нэмэгдүүлэх хүрээнд хамтран сургалтууд, бүтээлч ажлын аян өрнүүлэх, хэргийн илрүүлэлт, мөрдөн шалгах ажиллагааны чанарыг сайжруулах чиглэлээр хоёр байгууллагын хамтарсан тушаал гаргах зэрэг хугацаатай ажлуудыг зохион байгуулж, үр дүнг тооцох ажлын хэсэг томилон ажил эрчимжүүлэх шийдвэрийг гаргалаа гэж Булган аймгийн прокурорын газраас мэдээллээ.