Европын холбооноос Монгол Улсад хэрэгжүүлж буй Хүний эрхийн сургалтын чиглэлээр прокурорын чадавхийг сайжруулах нь төслийн хүрээнд прокрорын байгууллагын төлөөлөл, сургагч багш нар ХБНГУ-ын Шүүхийн Академи болон Франц улсад байрлах Европын зөвлөлд ажлын айлчлал хийж, туршлага судалсан байна.
Сургалтын багийг Улсын Ерөнхий прокурорын туслах, хууль цаазын тэргүүн зөвлөх, Гэмт хэрэг зөрчлийн бүртгэл, дүн шинжилгээний төвийн дарга Б.Бат-Орших болон тус төслийн зөвлөх М.Ичиноров ахалж, бүрэлдэхүүнд Улсын Ерөнхий прокурорын туслах, хууль цаазын тэргүүн зөвлөх, Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга О.Алтангэрэл, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор Ж.Ариунаа, Ховд аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор М.Доржсүрэн, УЕПГ-ын Сургалт судалгааны төвийн сургагч багш, хяналтын прокурор Г.Оюунболд нар хамрагдав.
Төслийн хүрээнд 2018 оны 4 дүгээр сарын 9–нд ХБНГУ-ын Триер хотод байх Шүүхийн Академи, 2018 оны 4 дүгээр сарын 10-наас 11-ны хооронд Франц Улмсын Страусбург хотод байрлах Европын зөвлөл болон түүнд хамаарах Хүний эрхийн шүүх, хуульчдын сургалтын “HELP” төвийн үйл ажиллагаатай танилцаж, прокурорын сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллах талаар Европын зөвлөлийн газар, хэлтэс, нэгжийн дарга нартай харилцан санал солилцож, туршлага судалсан байна. Туршлага судлах айлчлалын хүрээнд цаашид Монгол Улсын прокурорын байгууллагын хэмжээнд хүний эрхийн чиглэлээр сургалт явуулах шинэлэг санаа, үр дүнтэй сургалтын аргуудтай танилцаж, 2018-2019 онд сургалтын чиглэлээр тодорхой ажлууд хэрэгжүүлэхээр болсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба