ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ЗӨРЧЛИЙН ТУХАЙ БОЛОН ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ , ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА 

A- A A+
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ЗӨРЧЛИЙН ТУХАЙ БОЛОН ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ , ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын аргачилсан зааврыг хэрэгжүүлэх хүрээнд хяналтын харьяа Мэргэжлийн хяналтын хэлтэст Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, дүнг 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр эрх бүхий албан тушаалтнуудыг оролцуулан хэлэлцсэн байна. Шалгалтын хүрээнд прокуророос тус газрын эрх бүхий 30 албан тушаалтны энэ оны 1 дүгээр улирлын байдлаар шалган шийдвэрлэсэн хэрэг, материалуудыг татаж хянахад, эрх бүхий албан тушаалтнуудын зүгээс холбогдох хууль тогтоомж, заавар, журмын дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийг явуулж, Улсын Ерөнхий прокурорын тушаалаар батлагдсан эрх зүйн хэлбэрүүдийг үйлдэж хэвшсэн, уг ажиллагааг зохих төвшинд явуулж байна гэж дүгнэжээ.  Хэлэлцүүлгийн явцад эрх бүхий албан тушаалтнуудаас шинэчлэн батлагдсан Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл, болон холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал гарган, шийдвэрлэх арга замыг харилцан ярилцжээ.

Мөн тус  дүүргийн прокурорын газраас прокурор, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа  явуулах эрх бүхий байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын хамтарсан зөвлөгөөнийг энэ үйл явдлаас хоёр хоногийн дараа буюу  2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тус дүүргийн “Хууль сурталчлах” танхимд зохион байгуулжээ. Хамтарсан зөвлөгөөнд дүүргийн цагдаагийн хэлтсүүд, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Татварын хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс, Статистикийн хэлтэс, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс зэрэг эрх бүхий 13 байгууллагын удирдах албан тушаалтнуудыг оролцуулж, шинэчлэн батлагдсан Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг хэрэгжүүлэх явцад тулгарч байгаа хүндрэл, бэрхшээл, шийдвэрлэх арга зам, уг ажиллагааны явцад удирдах албан тушаалтнуудаас авч хэрэгжүүлж буй удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ, үр дүнг хэлэлцлээ.

Мөн Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн албан хаагч нарт “Зөрчлийн тухай хууль болон түгээмэл үйлдэгдэж байгаа зөрчил”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлье” зэрэг сэдвүүдээр сургалт, яриа таниулгыг зохион байгуулжээ.  Сургалтаар тус прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор В.Отгончимэг дээрх албан хаагчдад шинэчлэн батлагдсан хуулиудыг таниулан сурталчилж, гэмт хэрэг, зөрчил гэж юу болох, үйлдэгдэн гарахад нөлөөлж буй шалтгаан нөхцөл, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар тодорхой ойлголтуудыг өгч, оролцогчдын асуусан  асуултад хариулт өгөх зэрэг хэлбэрээр сургалтыг зохион байгуулсан нь  үр дүнтэй болжээ.