Чингэлтэй дүүргийн прокурорын газар, тус дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтарсан зөвлөгөөн зохион байгуулжээ. Уг зөвлөгөөнд Дүүргийн ерөнхий прокурор Д.Булганцэцэг, Орлогч прокурор Б.Чинбат, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор Н.Энхтуяа, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хариуцсан хяналтын прокурорууд болон тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрх бүхий удирдах албан тушаалтанууд оролцсон байна. Зөвлөгөөнөөр шинэчлэн батлагдсан Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг хэрэгжүүлэх явцад тулгарч байгаа хүндрэл, бэрхшээл, шийдвэрлэх арга зам, уг ажиллагааны явцад удирдах албан тушаалтнуудаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцлээ. Тус прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.Дэлгэрмаа Чингэлтэй дүүргийн прокурорын газрын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж байгаа эсэхийг хяналтын харьяа Мэргэжлийн хяналтын хэлтэст шалгаж, шалгалтын дүнгийн талаарх мэдээллийг хамтарсан зөвлөгөөний үеэр танилцуулж, цаашид шалгалтаар илэрсэн зөрчлийг давтан гаргахгүй байхад анхаарах асуудлуудын талаар танилцуулга хийж, хяналтын прокурор Н.Алтантүлхүүр дээрх улсын байцаагч нарт “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад анхаарах асуудал”-ын талаар сургалт, яриа таниулгыг зохион байгуулж, оролцогчдын асуусан асуултад хариулт өгөх зэрэг хэлбэрээр сургалтыг үр дүнтэй зохион байгууллаа. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба