Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газар, тус аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Сайхан сум дахь сум дундын шүүх болон сум дундын Цагдаагийн хэлтсийн нийт шүүгч, прокурор, мөрдөгч нарын хамтарсан зөвлөгөөн 2018 оны 05 дугаар сарын 03 ны өдөр тус аймгийн Сайхан суманд зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнөөр хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах ажиллагаанд учирч буй хүндрэл, тулгамдсан асуудал, тухайн хэрэгт сум орон нутгийн удирдлагаас оролцох оролцоо буюу хохирогчоор оролцох субъект тогтоох ажиллагаа, хохирол, төлбөрийн асуудлыг нэг мөр ойлгож, нөхөн төлбөрийг төлүүлэх эрх зүйн зохицуулалт, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан Хөрөнгө орлогыг хураах албадалгын арга хэмжээ авах заалтыг хэрхэн хэрэгжүүлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дах хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар тус тус зөвлөлдөж, харилцан санал бодлоо солилцлоо.
Уулзалт зөвлөгөөнд Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Батзориг, сум дундын ерөнхий шүүгч Б.Сарантуяа, сум дундын ерөнхий прокурор С.Батзул, Цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Энхчулуун болон бусад шүүгч, прокурор, мөрдөгч нар оролцлоо.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба