Бүгд Найрамдах Турк Улсын Дээд Шүүхийн ерөнхий прокурорын орлогч прокурор Халил Адигүзэл тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 10-14-ны өдрүүдэд манай улсад айлчлал хийлээ.
Айлчлалын хүрээнд 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан зочдыг Улсын Ерөнхий прокурорын газарт хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан зочдыг Төрийн ордонд хүлээн авч уулзсан.
Төлөөлөгчид хөтөлбөрийн дагуу Төрийн ордонд зочилж “Монгол төрийн музей” үзэж, “Төрийн есөн хөлт цагаан туг”-ны дэргэд зураг авахуулжээ.
Айлчлалын 2 дахь өдөр Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж зочдыг хүлээн авч уулзаж, Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцуулсан байна.
Мөн айлчлалын хүрээнд 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн удирдлагууд төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол, Турк хоёр улсын эрх зүйн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож, Хууль зүйн үндэсний хүрээлэн болон Бүгд найрамдах Турк улсын Хууль зүйн академи хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Бүгд Найрамдах Турк Улсын Дээд Шүүхийн Ерөнхий прокурорын орлогч прокурор Халил Адигүзэл, Хууль зүйн академийн Дэд ерөнхийлөгч Рифат Инанч, Хууль зүйн яамны газрын дэд дарга Али Өзтүркмэн, БНТУ-ын Эрзүрүм хотын Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Мэхмэт Мэтин Кахраман, Улсын Дээд Шүүхийн дэргэдэх Ерөнхий прокурорын газрын Олон нийтийн прокурор Мүслүм Жанполат, Хууль зүйн академийн Гадаад харилцааны хэлтсийн дарга Осман Хазэр, Хууль зүйн академийн Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Дижлэ Гөздэ Кочеийт нар хүрэлцэн иржээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба