Хан-Уул дүүргийн прокурорын газар, Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Онцгой байдлын хэлтэстэй хамтран 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлье-ХАМТДАА ШИЙДЬЕ” нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Нийслэл, дүүргийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн гишүүд, Онцгой байдлын асуудал хариуцсан шат шатны байгууллагын болон цагдаа, прокурорын байгууллагын төлөөлөл, хороодын албан хаагчдаас бүрдсэн 250 гаруй хүн гамшиг ослын бэлэн байдалд нэгдсэн юм. Дүүргийн ерөнхий прокурор Ж.Ариунаа Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг хэрэгжүүлэхэд цаашид анхаарах асуудлуудаар товч мэдээлэл хийж, зөвлөгөөнд оролцогчдод амжилт хүслээ. Тус зөвлөгөөнөөр иргэд аюул, ослын үед амь насаа хэрхэн хамгаалах, бусдад анхан шатны тусламж үзүүлэх, болзошгүй эрсдэлийн үед хаана, хэнд хандах, гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хэрхэн хангах талаар мэдлэг чадвар, дадлыг эзэмшүүлэх талаар мэдээллийг олгож, аюул осолгүй, эрсдэлгүй ирээдүйг би болгохын төлөө төр захиргаа, мэргэжлийн байгууллага, иргэд олон нийт хамтран ажиллалаа.
Монгол Улсад өнгөрсөн 10 жилийн хугацаанд 33 мянга орчим байгалийн аюулт үзэгдэл, гамшиг, осол тохиолдож, үүний улмаас 2300 орчим хүний амь эрсдэж, улсын хэмжээнд 1 их наяд 70 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Энэ нь иргэдийн болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг дутмаг байдагтай холбоотой байна. Зөвлөгөөнд оролцогчдоос “Гал түймэр унтраах аврах анги” нэмж байгуулах, ногоон бүсэд амарч, зугаалж байгаа иргэдэд ойн болон гамшгийн тухай хууль журмыг таниулан сурталчилах ажлыг зохион байгуулах, өсвөр үе, залуучуудад гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх боловсрол олгох сургалт, дадлагыг түлхүү зохион байгуулж ажиллах шаардлагатай байгаа талаар саналаа илэрхийлэв. Цаашид мэргэжлийн байгууллагын оролцоотой иргэд, олон нийтэд зөв мэдээлэл хүртээх, гарч болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх “Зөвлөмж”-ийг гаргаснаар зөвлөгөөн амжилттай өндөрлөлөө гэж Хан-Уул дүүргийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба