Дархан-Уул аймгийн прокурорын газраас санаачлан давж заалдах шатны шүүхийн Тамгын газартай хамтран аймгийн нийт хуульчдын дунд “ЭРҮҮГИЙН ПРОЦЕССЫН ЭРХ ЗҮЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ” сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр зохион байгууллаа.Тус хэлэлцүүлэгт аймгийн Прокурорын газар, Анхан шатны шүүх, Давж заалдах шатны шүүх, Аймгийн Хууль, эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Дархан-Уул аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн гишүүн өмгөөлөгч нар, Монголын хуульчдын холбооны Дархан-Уул аймаг дахь салбарын зохицуулагч, бусад хуульчдаас бүрдсэн нийт 40 гаруй хуульчид оролцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал “Өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал”, аймгийн прокурорын газрын ахлах прокурор Б.Сүрмандах “Эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа”, аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн дарга, хошууч Ц.Гантулга “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал”, Дархан-Уул аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн гишүүн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ “Эрүүгийн процессын эрх зүйн тулгамдсан асуудал” зэрэг сэдвээр илтгэл тавьсан байна.
Хэлэлцүүлэгээс дээрх сэдвүүдийн хүрээнд тулгамдсан асуудлуудын талаар хуульчдаас гаргасан оновчтой санал, хүсэлтийг нэгтгэн танилцуулга бэлтгэж холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлах болон зөвлөмж гаргаж аймгийн хууль хяналтын байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэсэн талаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба