“Зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи уулзалт, хэлэлцүүлэг”-ийг Улсын Их хурлын гишүүн Х.Нямбаатарын санаачлагаар Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Фридрих Эбертийн сантай хамтран Хууль сахиулахын их сургууль дээр тавдугаар сарын 12-ны зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт Улсын Их хурлын гишүүн Х.Нямбаатар, Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, Нийслэл, дүүргийн эрүүгийн болон захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны шүүхийн шүүгчид, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар, Гааль, Татвар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон бусад эрх бүхий байгууллагуудын удирдах болон эрх бүхий албан тушаалтнууд зэрэг зөрчил шалган шийдвэрлэх үүрэгтэй 27 байгууллагын 11 мянган субъектийн төлөөлөл болсон 300 гаруй оролцогч тус хэлэлцүүлэгт оролцлоо.
Хэлэлцүүлэгээр хууль сахиулах байгууллагууд, тухайлбал прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих хяналт, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгэх ажиллагаа түүнд тулгамдаж буй асуудлаа, цагдаа, гааль, татвар, мэргэжлийн хяналтын газрууд болон Эрүү, захиргааны хэргийн шүүхүүд Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэх, түүнд тулгамдаж буй асуудлаа тус тус танилцуулж, хуулиудад оруулах нэмэлт өөрчлөлтөд санал, зөвлөмж өгсөн юм.
Хэлэлцүүлэгт оролцогчид Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудад зайлшгүй нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай асуудлуудыг нэгтгэн, зөвлөмж гаргаж Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхээр тогтов. Тус хэлэлцүүлгийн санал зөвлөмжид үндэслэн эдгээр хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах болсон юм.
Улсын Ерөнхий прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Нийслэл, Тээвэр, Дүүргийн болон зарим аймаг, сум дундын прокурорын газрын 50 гаруй прокурорууд тус хэлэлцүүлэгт оролцов.
Улсын Ерөнхий прокурорын газраас хэлэлцүүлэгт оролцохоор ирсэн 10 аймаг, 2 сум дундын прокурорын газрын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих хяналтын ажил хариуцсан прокуроруудыг Нийслэл, Чингэлтэй дүүргийн прокурорын газруудын ажил байдалтай танилцуулж, харилцан туршлага солилцууллаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба