“ГЭМТ ХЭРГИЙН ЗАМААР ОЛСОН ХӨРӨНГИЙН МЕНЕЖМЕНТ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН СЕМИНАРТ ОРОЛЦЛОО

A- A A+
“ГЭМТ ХЭРГИЙН ЗАМААР ОЛСОН ХӨРӨНГИЙН МЕНЕЖМЕНТ”  СЭДЭВТ ОЛОН УЛСЫН СЕМИНАРТ ОРОЛЦЛОО

Бүгд Найрамдах Индонез Улсын Жогжакарта хотод  2018 оны 05 дугаар сарын 07-ноос 09-ны өдрийн хооронд Ази-Номхон далайн хулгайлагдсан хөрөнгийг буцаан авах сүлжээ байгууллагаас /ARIN-AP/ зохион байгуулсан “Гэмт хэргийн замаар олсон хөрөнгийн менежмент”  сэдэвт 3 өдрийн семинарт Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор У.Эрдэнэтуяа оролцоод ирлээ.

Семинарын үеэр “Гэмт хэргийн замаар олсон хөрөнгийг амжилттай буцаан олгох”, “Хөрөнгө буцаах ажиллагаан дахь мөрдөгч, прокурор, хөрөнгийн менежерийн үүрэг”, “Гадаад улсад байршуулсан хөрөнгийг буцаах эрх зүйн орчин”, “Криптовалютийг битүүмжлэх, хураан авахтай холбогдсон менежментийн асуудал”, “Хөрөнгө буцаах ажиллагаанд хувийн секторыг оролцуулах нь”, “Хөрөнгө буцаах ажиллагаан дахь олон улсын хамтын ажиллагаа ба хөрөнгийн менежмент”, “Хөрөнгийн менежментийг хийхэд авлигаас урьдчилан сэргийлэх, өмчийн эрхийн хамгаалалт” сэдвээр Австрали, Индонези, Пакистан, Филиппин, Шинэ Зеланд, Тайланд, Камбож зэрэг орны прокурор, мөрдөгч, хөрөнгийн менежерүүд мэдээлэл өгч, харилцан ярилцан, дасгал хэрэг дээр ажилласан нь хөрөнгө буцаах ажиллагааны талаар олон орны эрх зүйн зохицуулалт, системийн онцлогийн тухай ойлголтыг оролцогчдод өгөх, харилцан туршлага солилцох боломжийг олгосон.

 Семинарт оролцсон дийлэнх орнуудын шүүх, прокурор, хууль сахиулах байгууллагууд болон хөрөнгийн менежментийн чиглэлээр ажилладаг агентлагууд зэрэг субъектүүд  гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийг хураан авах, битүүмжлэх, хадгалалт, хамгаалалт, буцаах ажиллагаа, түүний менежментийн асуудлыг зохицуулсан гарын авлага, мэдээлэл солилцох, хамтран ажиллах дүрэм, журмыг мөрдөн хэрэгжүүлж ажилладаг бөгөөд зарим орнууд хуульд тусгайлан зохицуулалтуудыг хийж өгсөн байна.

Мөн хөрөнгийн менежментийг боловсронгуй болгох чиглэлээр цаашид хийх ажлын талаар семинарт оролцсон улсууд санал солилцсон бөгөөд хэдийгээр ялгаатай эрх зүйн тогтолцоо, хууль зохицуулалттай байгаа боловч Хөрөнгө буцаах чиглэлээр Ази-Номхон далайн орнуудын сүлжээ байгууллагын гишүүн орнуудын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, шуурхай хамтран ажиллаж, мэдээлэл солилцохын тулд нэн түрүүнд зайлшгүй хийх шаардлагатай зүйлүүд нь 1/ улсууд хөрөнгийн менежменттэй холбоотой эрх зүйн орчноо боловсронгуй болгох 2/ мэдээллийн нэгдсэн сантай байх, 3/ нарийвчилсан удирдамж гарын авлагатай байж, сургалтыг тасралтгүй, тогтмол хугацаанд хийдэг байх 4/ хөрөнгийн менежментийн харилцаанд улс гүрнүүдэд өргөнөөр хэрэглэгдэж байгаа “иргэний журмаар хөрөнгө буцаан олгох асуудал”-ыг улам боловсронгуй болгох 5/ хөрөнгө буцаах чиглэлээр ажилладаг, асуудал хариуцсан бие даасан бүтэцтэй байж, уг ажиллагааны үр дүнг дээшлүүлэх зэрэг асуудлуудаар санаа нэгдэж, хамтын ажиллагааг улам бүр идэвхижүүлэхийг уриалсан.

Гэмт хэргийн замаар олж авсан бэлэн ба бэлэн бус мөнгө, хөдлөх үл хөдлөх хөрөнгө, үнэт эдлэл, хувьцаа, бизнес зэрэг хөрөнгийг үнэлэх, хадгалж хамгаалах, худалдан борлуулах талаарх менежменттэй холбогдох асуудлууд нь улс орнуудын хувьд, захиргаа, эрүү, иргэний процессын болон эрүү-иргэний холимог журмын дагуу шүүх, прокурор, мөрдөгч, хөрөнгийн менежер  нарын удирдлага дор хийгдэж байна.

Хөрөнгийн менежментийг хийхэд анхаарах нийтлэг асуудал нь:

  1. Гэмт хэргийн улмаас ямар хөрөнгө, орлого бий болсныг тогтоох
  2. Тухайн тогтоогдсон хөрөнгө, орлогыг битүүмжлэх, хураан авах, хадгалж хамгаалах, хохирол худалдан борлуулах, буцаан авчрах, олгох зэргээр ямар процесс ажиллагаа хийх, түүнийг захиргаа, эрүү, иргэний ямар журмаар хэрэгжүүлбэл амжилттай шийдвэрлэгдэх боломжтой болохыг тодорхойлох.
  3. Процесс ажиллагаанд оролцох эрх бүхий этгээдүүдийг тогтоон, үүрэг хариуцлагыг тодорхой болгох.
  4. Дээрх процесс ажиллагааг хэрэгжүүлэхэд үндэсний болон олон улсын ямар эрх зүйн орчин байгааг тодорхойлох.
  5. Уг ажиллагаанд гарах зардлыг тооцоолж, хэн хариуцахыг тооцоолох.
  6. Хөрөнгийг олж тогтоох, хадгалж хамгаалахтай холбоотой гарсан зардлыг хөрөнгө буцаан олгох үед суутгах эрх зүйн боломжтой эсэх зэрэг байна.