Монгол Улсын Гавьяат хуульч, профессор Суурийн Жанцан агсаны нэр алдрыг мөнхжүүлэх, эрүүгийн салбарын эрх зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх, залуу эрдэмтэн, судлаачдыг дэмжих, гадаад, дотоодын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор үүсгэн байгуулсан “Суурийн Жанцан сан”-гийн санаачилгаар Хууль сахиулахын их сургууль 2014 оноос эхлэн Профессор Суурийн Жанцан агсаны нэрэмжит эрдэм шинжилгээний хурлыг жил бүр ХБНГУ-ын “Ханнс-Зайделийн сан”, Хууль зүйн үндэсний хүрээлэн, хууль зүйн их, дээд сургуультай хамтран зохион байгуулж ирсэн.
Энэ удаагийн арга хэмжээг “Суурийн Жанцан сан”-гаас санаачлан Хууль сахиулахын их сургууль, Улсын Ерөнхий прокурорын газар, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан хамтран “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг: тулгамдсан асуудал, урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг тавдугаар сарын 16-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д зохион байгуулж байна.
Эрдэм шинжилгээний хурлаар өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдсан асуудлыг тодорхойлох, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга замыг эрэлхийлэх, эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг практикт нэвтрүүлэх, эрдэмтэн, судлаач, албан хаагчдын санал, дүгнэлтийг сонсож, зөвлөмж гаргах зорилготой юм.
Тус хурлыг Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр нээж үг хэллээ. Хурлын хүрээнд салбарын эрдэмтэн, судлаачдаас 40 гаруй илтгэл ирүүлснээс эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, тодорхой шалгуурыг үндэслэн есөн илтгэлийг хурлаар хэлэлцүүллээ.
Тухайлбал, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Академич С.Нарангэрэл “Өмчийн эсрэг ашиглан шамшигдуулах гэмт хэрэг: уламжлал, шинэчлэл, шийдвэрлэх асуудал” сэдвээр, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны мэргэжилтэн Б.Баяндүүрэн “Гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлого: өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг” сэдвээр, УЕПГ-ын Гэмт хэрэг, зөрчлийн бүртгэл, дүн шинжилгээний төвийн хяналтын прокурор З.Сансарзолбоо "Залилах гэмт хэргийг шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал, прокуророос тавих хянал" сэдвээр, ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа А.Пүрэвдорж “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн нотлох ажиллагаа, эдийн засгийн шинжилгээ хийхэд тулгамдсан асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.
Мөн ХСИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цагдаа судлалын төвийн эрхлэгч, доктор, дэд профессор Ч.Нямсүрэн “Өмчлөх эрхийн эрүүгийн эрх зүйн хамгаалалтын зарим асуудал” сэдвээр, ХСИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Хууль сахиулахын инновацийн төвийн эрхлэгч, цагдаагийн хурандаа Т.Очирбат “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд шинжлэн магадлахуйн дэмжлэг үзүүлэх нь” сэдвээр, Нийслэлийн цагдаагийн газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ш.Мөнхбат “Нийслэлийн хэмжээнд үйлдэгдсэн хулгайлах төрлийн гэмт хэргийн нөхцөл байдал, түүнд хийсэн дүн шинжилгээ” сэдвээр, Хуульч, өмгөөлөгч, эрүүгийн эрх зүй сонирхон судлаач Б.Ганболд “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн зүйлчлэл ба ял /хулгайлах гэмт хэргийн жишээн дээр/” сэдвээр, Судлаач Д.Чимэддамба “Монгол Улс дахь олон шатлалт маркетингийн залилах гэмт хэргийн төрөл, чиг хандлага, анхаарах асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, хурлаас зөвлөмж гаргалаа.
Тус зөвлөмжид өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, эрх зүйн зохицуулалт, арга зүй, урьдчилан сэргийлэх ажлыг боловсронгуй болгох санал, зөвлөмж боловсруулж, шийдвэр гаргах эрх бүхий байгууллагуудад хүргүүлэх юм. Энэ үеэр хуралд илтгэгч, оролцогчдод “Хууль зүйн академи”, “Үндсэн хууль-хөгжил” сангаас ном бүтээлийн дээжээс дурсгалаа.
Эх сурвалж: http://www.leu.gov.mn
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба