Хүүхдийг гэмт хэрэгт холбогдохоос хэрхэн урьдчилан сэргийлэх, хүүхдийн гэмт хэргийн шалтгаан нөхцөл, өнөөгийн байдал, цаашдын хандлагын талаар “Амар тайван амьдралын төлөө хамтдаа” сэдэвт сургалт, зөвлөгөөн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын танхимд боллоо. Уг сургалт, зөвлөгөөнийг Баянзүрх дүүргийн прокурорын газар, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Ерөнхий боловсролын 14 дүгээр сургууль хамтран зохион байгуулсан байна.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ч.Цэвэгмид нар оролцож үг хэлжээ. Тус зөвлөгөөнд Баянзүрх дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Г.Батбаяр “Дээрэмдэх гэмт хэрэг, түүнээс урьдчилсан сэргийлэх нь”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” сэдвээр, хяналтын прокурор Ц.Гантулгабат “Согтуурал ба гэмт явдал” сэдвээр тус тус мэдээлэл өгч, сургалт явуулсан байна.
Баянзүрх дүүргийн прокурорын газар цаашид дүүргийн иргэдийн хуралтай хамтран харьяа дүүргийн ерөнхий боловсролын дунд сургуулиудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тогтмол сургалт зохион байгуулж хамтран ажиллахаар болсон байна. Баянзүрх дүүргийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба