ДЭЛХИЙН БАНКНЫ ХУЛГАЙЛАГДСАН ХӨРӨНГӨ БУЦААХ САНААЧИЛГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

A- A A+
ДЭЛХИЙН БАНКНЫ ХУЛГАЙЛАГДСАН ХӨРӨНГӨ БУЦААХ САНААЧИЛГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ  БАЙНА

Дэлхийн банкны Хулгайлагдсан хөрөнгө буцаах санаачилга (StAR)-ын төлөөлөгчид Авлигатай тэмцэх газрын урилгаар Монгол Улсад хүрэлцэн ирсэн.  Хулгайлагдсан хөрөнгийг буцаах санаачилга буюу StAR байгууллагыг Дэлхийн банк, НҮБ-ын хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага хамтран байгуулсан бөгөөд хөрөнгө буцаах үе шатуудад хамааралтай бүх байгууллага, мэргэжилтэн, оролцогч талуудад хөрөнгө буцаах сэдвээр анхан болон гүнзгийрүүлсэн шатны сургалтыг зохион байгуулдаг.

Өнөөдрийг хүртэл Латин Америк, Африк, өмнөд Ази, зүүн Ази, төв болон зүүн Европ, Ойрхи Дорнодын 70 улсын 720 гаруй оролцогч нар бүс нутгийн ба үндэсний хэмжээний сургалтуудад хамрагдсан. Түүнчлэн СтАР нь хэд хэдэн улсын хүсэлтээр хөрөнгө буцаах эрхзүйн орчинг нь сайжруулах хууль боловсруулах, бүтэц, зохион байгуулалтын орчинг хөгжүүлэх, хөрөнгө буцаах хүчин чармайлтаа амжилттай хийж гүйцэтгэх чадавхийг нь нэмэгдүүлэх чиглэлд тусалж ажилласан ажээ.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд StAR байгууллагын зөвлөх Шервин Мажлеси, Дмитро Котляр, Бентон Жонаттан нар багтжээ. Тэд 2018 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 3-ны өдрүүдэд Монгол Улсын Авлигатай тэмцэх газарт ажиллаж, Авлигатай тэмцэх газар, Улсын Ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Монголбанкны Санхүүгийн мэдээллийн алба зэрэг байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудыг оролцуулан олон улсын болон үндэсний хэмжээнд хөрөнгө буцаах үе шатуудыг бүхэлд нь зохицуулсан гарын авлага боловсруулах, хөрөнгө, орлогын мэдүүлгийн системд өнгөрсөн хугацаанд хийсэн хөгжүүлэлт, цаашдын төлөвлөгөө, чиглэлийн талаар санал солилцжээ.