Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх мөрдөгч, эрх бүхий албан тушаалтнуудаас зөрчил шалган шийдвэрлэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж буй алдаа зөрчлийг арилгуулах, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд удаашран шалгагдаж байгаа нийт хэргүүд, гэмт хэргийн улмаас хүүхдийн эрх ашиг хохирсон, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хэргүүдийг шуурхай шалгуулж шийдвэрлэх, түүнчлэн Нийслэлийн прокурорын газраас зарлан явуулж буй “Хэрэг бүртгэлтийн хэргийг шийдвэрлэх-2018” нэгдсэн арга хэмжээний явц, үр дүнгийн талаар хэлэлцэх уулзалт, зөвлөгөөнийг 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр харьяа дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсүүдийн удирдлагуудын түвшинд хамтран зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Хан-Уул дүүргийн ерөнхий прокурор, түүний орлогч, Зөрчил шалган шийдвэрлэх, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурорууд болон харьяа Цагдаагийн хэлтсүүдийн дарга, дэд дарга, холбогдох нэгж, тасгуудын дарга, ахлах мөрдөгч нар оролцсон байна.
Тус зөвлөгөөнөөр зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр Дүүргийн прокурорын газар, Цагдаагийн хэлтсүүдээс хийж гүйцэтгэсэн ажил, нэгдсэн арга хэмжээний явц байдал, үр дүнгийн талаар тус тус хэлэлцэж, дүгнэлт өгөхөөс гадна шинэчлэн батлагдсан хуулиудыг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх хүрээнд 2018 он гараад дээд шатны прокурорын газруудаас ирүүлсэн Мөрдөн шалгах байгууллагуудад хамааралтай чиглэлүүд, шинээр батлагдсан эрх зүйн хэлбэрүүдийг танилцуулж, зөрчил шалган шийдвэрлэх болон мөрдөн шалгах ажиллагааны явцад гарч байгаа хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар харилцан ярилцаж, санал солилцжээ.
Зөвлөгөөнөөс тодорхой шийдвэрүүдийг гарган, дүүргийн ерөнхий прокурор Ж.Ариунаагаас Цагдаагийн хэлтсүүдийн удирдлагуудад цаашид анхаарах асуудлууд, “Хэрэг бүртгэлтийн хэргүүдийг шийдвэрлэх-2018” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хийх ажлыг эрчимжүүлэн үр дүн гаргаж ажиллах, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд удаашран шалгагдаж байгаа хэргүүдийг жагсаалтаар гарган, шуурхай шалгаж дуусгах талаар үүрэг чиглэл өгсөнөөр зөвлөгөөн амжилттай өндөрлөлөө.ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЛЭЭ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба