ПРОКУРОРЫН БОЛОН ЗАХИРГААНЫ ЧИГ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ТУСЛАХ АЖИЛТНУУДЫН ДУНД ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ДҮНГ ГАРГАЛАА

A- A A+
ПРОКУРОРЫН БОЛОН ЗАХИРГААНЫ ЧИГ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ТУСЛАХ АЖИЛТНУУДЫН ДУНД ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ДҮНГ ГАРГАЛАА

Прокурорын болон захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтны мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, шинэлэг санаа, санаачилгыг нь дэмжиж, үйл ажиллагаанд нэвтрүүлэх зорилгоор “Шинэчлэгдэн батлагдсан эрүүгийн хууль тогтоомжийн эрх зүйн зохицуулалтын дэвшилттэй, ололттой талууд, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд” сэдвээр эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг 2 үе шаттайгаар зохион байгууллаа.            Илтгэлийн уралдаанд прокурорын нэгжид ажиллаж байгаа туслах ажилтан бүрийг бүрэн хамруулах зорилгоор нэгж тус бүрд 1 дүгээр үе шатыг зохион байгуулж, нэгж бүрээс 1 дүгээр шатанд шалгарсан шилдэг нэг илтгэлийг 2 дугаар шатанд оролцуулах байдлаар зохион байгуулсан бөгөөд илтгэлийн уралдааны 2 дугаар шатанд нэгж тус бүрээс шалгарсан 40 илтгэлийг Улсын Ерөнхий прокурорын 2018 оны 04 сарын 10-ны өдрийн А/40 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсгийн гишүүд уншиж дүгнэсэн байна.

Уралдаанд ирүүлсэн 40 илтгэлээс Нийслэлийн прокурорын газрын туслах ажилтан С.Чимэдцэеэгийн бичсэн “Өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн тухай ойлголт, өсвөр насны яллагдагчийг цагдан хорьсон тухай мэдэгдэхтэй холбоотой асуудал” сэдэвт илтгэл 50.2 оноогоор 1 дүгээр байр,

Дорноговь аймгийн прокурорын газрын Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын туслах ажилтан Л.Содбаярын бичсэн “Шинэчлэгдэн батлагдсан эрүүгийн хууль тогтоомжийн эрх зүйн зохицуулалтын дэвшилттэй, ололттой талууд, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд”  сэдэвт илтгэл 46.2 оноогоор 2 дугаар байр,

Хан-Уул дүүргийн прокурорын газрын туслах ажилтан Э.Чанцалнямын бичсэн “2015 оны шинэчлэн баталсан эрүүгийн хуулийн торгох ялын эрх зүйн зохицуулалт” сэдэвт илтгэл 45.6  оноогоор 3 дугаар байр, 

Өвөрхангай аймгийн прокурорын газрын Хархорин дахь сум дундын прокурорын газрын туслах ажилтан Г.Тунгалагийн бичсэн “Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвтэй илтгэл 43  оноогоор тусгай байр, Сонгинохайрхан дүүргийн  прокурорын газрын  туслах ажилтан А.Ариунтуяагийн бичсэн “Шинэчлэгдэн батлагдсан эрүүгийн хууль тогтоомжийн эрх зүйн зохицуулалтын дэвшилттэй, ололттой талууд, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд” сэдэвт илтгэл 41.8 оноогоор тусгай байр,   Баянгол дүүргийн прокурорын  газрын туслах ажилтан Н.Улсболдын бичсэн “Шинэ эрүүгийн хууль ба засан хүмүүжлийн гажуудал” сэдэвт илтгэл 40.4  оноогоор, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын туслах ажилтан Б.Бямбасүрэнгийн бичсэн “Шинэчлэгдэн батлагдсан эрүүгийн хууль тогтоомжийн эрх зүйн зохицуулалтын дэвшилттэй, ололттой талууд, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд” илтгэлүүд тусгай байрыг тус тус эзэллээ.

Уралдаанд 2,3 дугаар байр эзэлсэн болон шагналт байранд шалгарсан илтгэлүүдийг цувралаар прокурорын сайтад  байршуулах болно.

Илтгэлийн уралдаанд 1 дүгээр байр эзэлсэн Нийслэлийн прокурорын газрын туслах ажилтан С.Чимэдцэеэгийн илтгэл

“Өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн тухай ойлголт,

өсвөр насны яллагдагчийг цагдан хорьсон тухай

мэдэгдэхтэй холбоотой асуудал”

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль, 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль нь нэршлээсээ эхлүүлээд агуулгын хувьд ч мөн хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалахад чиглэсэн өнөөгийн нийгэм, цаг үеийн нөхцөл байдалд нийцүүлэхийг хичээсэн нь олзуурхууштай. Гэвч аль ч улсад, ямарваа харилцааг зохицуулсан хууль шинээр батлагдан хэрэгжиж эхлэхдээ практикт зөрчилдөөнтэй асуудал, бэрхшээл тулгарахгүй байх нь тун ховор. Тиймээс улс орнуудын хууль тогтоогчид тухайн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар дээрх асуудлыг шийдвэрлэж ирсэн билээ.

Монгол улсын шинэчлэн найруулсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хүний эрхийг хангах, хамгаалах, зөрчигдөхөөс сэргийлэх дэвшилтэт заалтууд багагүй тусгагдсаны нэг нь  “Өсвөр насны сэжигтэн, яллагдагчийн тухай ойлголт, өсвөр насны яллагдагчийг цагдан хорих” ажиллагаа юм.

Энэхүү сэдвийг хөндсөн илтгэлдээ судалгааны харьцуулан дүгнэж анализ хийх, түүвэрчлэн судлах арга зүйг голчлон ашигласан болно.

      Шинэчлэн найруулсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль нь хэрэгжиж эхлээд дөнгөж  1 жилийн нүүрийг үзэх гэж буй тул практикт хэрэгжүүлэхэд ямар асуудал тулгарч байгааг бүхэлд нь судалсан судалгааны ажил байхгүй бөгөөд одоогоор ингэж судлах нь цаг хугацааны хувьд хараахан болоогүй байж ч болох юм. Харин  дээрх сэдвийг хөндсөн судалгаа одоогоор хийгдээгүй байх тул хуульчийн хувьд “Өсвөр насны сэжигтэн, яллагдагч,  тэдгээрийг цагдан хорих”-той холбоотой дэвшилттэй болоод анхаарвал зохих зохицуулалтад голчлон анхаарлаа хандуулж судлахыг хичээлээ.

  1. Үндсэн хэсэг
    1. 2002 оны Эрүүгийн хууль болон шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль дахь өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн тухай ойлголт

Өмнө нь хэрэгжиж байсан эрүүгийн болон процесс хуулинд “Насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч” гэсэн нэр томъёо хуульчлагдсан байсныг шинэчлэн найруулахдаа “Өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч” болгон өөрчилсөн байна. Энэ нь нэр томъёоны агуулгын хувьд эрүүгийн хариуцлагад татаж болох насны доод болоод дээд хязгаартай уялдсан зохицуулалт гэж үзэж байна. Учир нь:2002 оны Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлагад татаж болох насыг хуульчлахдаа:

“21 дүгээр зүйл. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаар

21.1.Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

21.2.Арван дөрвөөс арван зургаа хүртэл насны этгээд энэ хуулийн тусгай ангийн 91 /Хүнийг санаатай алах/, 96/ Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах/, 126 /Хүчиндэх/, 145/ Бусдын эд хөрөнгийг хулгайлах/, 146/ Бусдын эд хөрөнгийг булаах/, 147/ Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх/, 153/Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх/, 181.3 /Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар танхайрах/-т заасан гэмт хэрэг үйлдсэн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ./”[1]гэжээ.

Хэдийгээр эрх зүйч, хуульч, судлаачдад “Насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч” буюу эрүүгийн хариуцлагад татаж болохуйц насны хязгаарыг 14-18 хүртэлх нас гэж ойлгох нь тодорхой байсан боловч хууль, хуулийн нэр томъёо аль болох жирийн иргэнд ч гэсэн ойлгомжтой, салаа утгагүй, нэг мөр ойлгогдох байдлаар хуульчлагдах нь зүйтэй гэж судлаачид төдийгүй улс орнуудын хууль тогтоогчид үздэг байна.  Гэвч өмнөх энэхүү “Насанд хүрээгүй этгээд” гэх нэршил нь хэтэрхий ерөнхий буюу насанд хүрээгүй л бол 10 настай байсан ч, 12 настай байсан ч дээрх заалтад хамаарах мэтээр ойлгогдохоор байсан билээ.

Монгол хэлний тайлбар толинд “өсвөр” гэх үгийг монгол хэлний хэлзүйн хувьд тэмдэг нэр гэж үзсэн бөгөөд “...өсөн торниж буй үе, өсвөр нас, ид өсөн тониж буй хүүхэд үе...”[2] гэж тайлбарласан тайлбар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэж болох 14-18 насны этгээдийг ойлгож болохуйц агуулгатай байгааг онцлоё.

Дээрх нэр томъёог “өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч” хэмээн өөрчилсөн нь уг хуулийг уншсан, хэрэглэж байгаа хэнд ч 8  настай, 10 настай эсхүл 12 настай хүүхдийг хамруулж ойлгохгүй болох нь тодорхой байгаа юм. Харин өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн насны хязгаарлалтыг шинэчлэн найруулсан эрүүгийн хуульд дараах байдлаар хуульчилсан байна:

“8.1 дүгээр зүйл.Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл

1.Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэжээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэж болох өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн насны хязгаарыг 14-18 гэсэн нь санамсаргүй тохиолдол биш бөгөөд хууль санаачлагч, хуулийн төслийг боловсруулсан эрдэмтэн, судлаач, хууль хэрэгжүүлэхэд оролцдог албан хаагчид дотоодын хууль, тогтоомж, бусад улс орон, олон улсын гэрээ, конвенцийн жишгийг сайтар судалсны үндсэн дээр ийнхүү боловсруулсан болох нь Иргэний хууль[3], Гэр бүлийн тухай хууль[4], ижил эрх зүйн бүлд суурилсан Холбооны Бүгд Найрамдах Герман улс[5], Австри улс[6], БНХАУ[7], Унгар улс[8], Япон улс[9] гэх мэт, түүнчлэн Монгол улсын нэгдэн орсон НҮБ-аас баталсан Хүүхдийн эрхийн тухай конвенцийн[10] холбогдох заалтуудаас харагдаж байна.

    1. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль болон шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дахь өсвөр насны яллагдагчийг цагдан хорих тухай зохицуулалт

2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд заасан цагдан хорих үндсэн хугацааг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд багасгасан төдийгүй, цагдан хорих нийт хугацааг өөрчлөн баталсан нь Монгол улсын Үндсэн хуульд заасан “...хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх...”[11] гэх зорилгын агуулгад нийцэхүйц зохицуулалт болсон юм.

Хууль санаачлагчаас (Засгийн газар) Улсын Их Хуралд өргөн барьсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн танилцуулга, үзэл баримтлалд: “...Мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагааны олон жилийн практикаар шалгагдсан хэм хэмжээнүүдийг авч үлдэх, олон улсын гэрээ, конвенц, НҮБ-ын зөвлөмжүүдэд тухайн хуулийг нийцүүлэх, Эрүүгийн процессын загвар хуулийн агуулга, зарчмыг судалж тусгах, судалгааны бүтээлүүдийг харгалзах, хүний эрхийн зарчим, шаардлагыг тусгах...”[12] зэрэг үндэслэл, нөхцлүүдийг дурьдсан байдаг. Тэгвэл хэрхэн өөрчлөгдсөн болохыг доорх хүснэгтээр харуулъя:

№

2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль

2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль

  1.  

Сэжигтнээр баривчлах

 

72 цаг

 48 цаг

  1.  

Яллагдагчаар цагдан хорих үндсэн хугацаа

 

Сэжигтээр ЦХ-14 хоног + 2 сар

 1 сар

  1.  

Яллагдагчаар цагдан хорих нийт хугацаа /Ердийн журмаар/

 

Хүндэвтэр ГХ-4 сар

 

5 жил хүртэл хорих ял оногдуулахаар бол-12 сар

 

Хүнд ГХ-12 сар

 

Онц хүнд ГХ-24 сар

5 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар бол-18 сар

 

  1.  

Насанд хүрээгүй /Өсвөр насны яллагдагчийг цагдан хорих

 

Хүндэвтэр ГХ-2 сар

 

5 жил хүртэл хорих ял оногдуулахаар бол-3 сар

 

Хүнд ГХ-4 сар

 

Онц хүнд ГХ-8 сар

5 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар бол-6 сар

  1.  

Насанд хүрсэн этгээдийг баривчилсан, цагдан хорьсон тухай мэдэгдэх

 

24 цагийн дотор

 

2 цагийн дотор

  1.  

Насанд хүрээгүй /Өсвөр насны яллагдагчийг цагдан хорьсон тухай мэдэгдэх

12 цагийн дотор

6 цагийн дотор /4цагаар бага/

 

Дээрх хүснэгтээс насанд хүрсэн этгээд болон өсвөр насны сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих хугацаа илт багассан болох нь харагдана. Гэвч энэ тухай тухай тэдгээрийн  ар гэрт мэдэгдэх хугацаа нь өсвөр насны ялладагчийн эрх зүйн байдлыг насанд хүрсэн яллагдагчийн  эрх зүйн байдлаас дордуулсан гэж үзэхээр байна.

Насанд хүрсэн этгээдийг цагдан хорьсон тухай түүний ар гэрт мэдэгдэх ажиллагааг хууль тогтоогч хуульчлахдаа:

“14.13 дугаар зүйлийн

10.Шүүх яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэр гаргасан тохиолдолд:

10.1.яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргаснаас хойш 2 цагийн дотор яллагдагчийг цагдан хорьсон талаар түүний гэр бүлийн арван найман насанд хүрсэн гишүүн, эсхүл өмгөөлөгч, гадаад улсын иргэн бол тухайн улсын Дипломат төлөөлөгчийн газарт, тухайн улсын Дипломат төлөөлөгчийн газар байхгүй бол гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэнэ; “[13] гэсэн бөгөөд

Тус хуулийн 18 дугаар бүлэг буюу “Өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид холбогдох хэрэг хянан шийдвэрлэх” тусгай журамд энэ тухай хуульчлахдаа:

“18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт:

Өсвөр насны сэжигтэн, яллагдагчийг албадан ирүүлсэн, баривчилсан, цагдан хорьсон тухай түүний гэр бүлийн гишүүн, хууль ёсны төлөөлөгч, эсхүл өмгөөлөгчид нь 6 цагийн дотор мэдэгдэнэ.”  гэжээ.

Түүнчлэн мөн хуулийн 18.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт:

“4.Өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг энэ хуульд заасан ердийн журмаар явагдах ажиллагаанаас шуурхай, богино хугацаанд явуулах нөхцөлийг шүүх хангаж ажиллана”

хэмээн хуульчилсан нь хэдийгээр зөвхөн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад баримтлах шаардлага мэт ойлгогдож байгаа боловч тус бүлгийн уг үзэл, санаа нь өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчтэй холбоотой бүхий л ажиллагааг ердийн журмаар хянан шийдвэрлэх хугацаанаас илүү шуурхай явуулахыг зорьсон учраас тусад нь ийнхүү хуульчилсан гэж үзэж болохоор байна.

2.3. Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй, сэтгэхүйн онцлог ба холбогдох Монгол улсын олон улсын гэрээ, конвенцид энэ тухай тусгасан байдал

Илтгэлийн 2.1 дүгээр бүлэгт манай улс болоод олон улсад хүүхэд, насанд хүрээгүй этгээд гэж хэнийг ойлгох тухай насны хувьд авч үзсэн.

Энэхүү бүлэгт түүний сэтгэл зүй, сэтгэхүйн онцлог, үүнээс шалтгаалаад түүнийг цагдан хорьсон талаар түүний ар гэрт мэдэгдэх хугацаа нь насанд хүрсэн этгээдийн ар гэрт мэдэгдэх хугацаанаас илүү богино, шуурхай байх нь зүйтэй тухай, энэ талаар хуульд өөрчлөлт оруулах хууль зүйн шаардлагын тухай авч үзэх болно.

Хүүхэд бүр давтагдашгүй бөгөөд тэдгээрийн сэтгэл зүй, сэтгэхүй хоорондоо ялгаатай, өвөрмөц, хөгжлийн шатууд нь янз бүр байдаг. Ялангуяа өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй нь насанд хүрэх, үзэл бодол тогтох, өөртөө итгэх итгэлийн урьдач буюу бэлтгэл үе шат гэж энэ чиглэлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд үздэг байна. Сэтгэл зүйн шинжлэх ухаанд “сэтгэл зүй төлөвших үеийг 25 нас хүртэл үргэлжилдэг...”[14] гэж үзэх ч нь бий аж.

“...Өсвөр насны хүүхдүүд сэтгэл гутралд орох нь элбэг байдаг. Энэ байдал нь улам гүнзгийрснээс амиа хорлох оролдлого хийх,  амиа хорлох тохиолдол бий. Сэтгэл гутралын үед хүүхэд сэтгэл санаагаар унана, ямар нэг юманд идэвх сонирхолгүй болно, хэл яриа, үйлдэл хөдөлгөөн нь удааширч, ерөнхийдөө бусад хүнтэй харилцахад идэвх сонирхол нь буурах шинжүүд илэрдэг. Өөрөөр хэлбэл хүүхэд гэр бүлийн өв тэгш бус байдал, гэр бүлийн байнгын хэрүүл маргаан, найз нөхдийн дарамт шахалт, өсвөр насныхны дунд түгээмэл тохиолддог үерхэл нөхөрлөлийн асуудлаас сэтгэл гутралд орох нь элбэг байдаг”[15] гэжээ. Энэ нь насанд хүрээгүй хүний өсвөр насны хөгжлийн үе дээр бусдын анхаарал, халамж илүү шаардлагатай гэж дүгнэж болохоор ба түүнчлэн өсвөр насыг хямралын үе гэж нэрлэх ч тохиолдол байдаг байна.

“Энэ шатанд хүүхэд нас дуусч, бие даасан том хүний амьдралд хөл тавихтай холбоотойгоор гүнзгий хямрана...Насанд хүрч бие даах үйл явц хүүхэд болгонд адилгүй. Зарим хүүхэд сэтгэл санааны дотно байдлаа огцом тасалж, хэт түрэмгий, бодит шалтгаангүй үгүйсгэсэн харьцаатай болж, юм болгон дээр өөрийн бие даасан, тусгаар байдалтай харуулах гэнэ. Тийм ч болохоор гэр бүлийнхээ уламжлал, дэг жаягийг ямагт эсэргүүцдэг. Эцэг, эхчүүдийн харьцаанд хямрал үүсдэг. Үүний эцэг эхчүүд бэлтгэлтэй байж, заримдаа наанаа элдэв сөрөг үзэгдэл илэрдэг ч дотроо хүүхдийнх нь ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх эерэг өөрчлөлтүүд гарч байдаг гэдгийг ойлгодог байх ёстой. Үүнээс гадна дан ганц эцэг, эхчүүдэд төдийгүй хүүхдүүдэд ч хэцүү байдаг гэдгийг мартаж болохгүй. Хүүхэд ба эцэг, эхчүүд хоорондын харьцаа нь ойлголт, ухаалаг хяналт, халамж дээр тогтож байх ёстой” [16]  Монгол улсын Иргэний хуулийн 16 дугаар зүйлд

“16 дугаар зүйл. Иргэний эрх зүйн бүрэн бус чадамж

16.1.Насанд хүрээгүй буюу 14-өөс 18 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байна.”

16.2.Насанд хүрээгүй иргэн хуулиар зөвшөөрснөөс бусад хэлцлийг хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, харгалзан дэмжигч/-ийн бичгээр олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хийнэ.[17] гэж зааснаас үзэхэд Иргэний эрх зүйн харилцаанд оролцоход хүртэл 14-18 насны этгээдэд давхар хяналттай буюу хууль ёсны төлөөлөгчийн оролцоог шаардаж байна.  Олон улсын эрх зүйн зохицуулалт талаас нь судлахад Монгол улсын нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай конвенциийн 3 дугаар зүйлд

“1. Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна”[18]

Мөн конвенцийн 37 дугаар зүйлд

“d) эрх чөлөөгөө хасуулсан хүүхэд бүр эрх зүйн болон бусад зохих туслалцааг даруй авах, түүнчлэн эрх чөлөөгөө хасуулсан нь хуулийн үндэслэлтэй эсэхийг шүүх буюу эрх бүхий хараат бус, аль нэг талын эрх ашигт үйлчлэхгүй байгууллагаар тогтоолгох, шуурхай шийдвэрлүүлэх эрхтэй”[19]

Монгол улсын нэгдэн орсон “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт”-ын 14 дүгээр зүйлд

“4. Насанд хүрээгүй хүмүүсийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тэдний насыг болон засч хүмүүжихэд нь  дэмжлэг үзүүлүүштэйг харгалзсан байх  ёстой”[20]

Мөн пактын 9 дүгээр зүйлд

“2. Баривчлагдсан шалтгааныг хүн бүрт баривчлах үед нь мэдэгдэхийн зэрэгцээ буруутгаж байгаа аливаа үндэслэлийг даруй мэдэгдэнэ” [21]

“4. Баривчлагдаж эсхүл цагдан хоригдож эрх чөлөөгөө хасуулсан хүн бүр ийнхүү хорьж саатуулсан нь хууль ёсны эсэхийг шүүхээр даруй тогтоолгох, хууль бусаар хорьсон бол суллуулах шийдвэр гаргуулах эрхтэй”[22]

гэсэн нь баривчлагдсан этгээдэд баривчилсан үндэслэлийг даруй мэдэгдэх тухай тус тус зохицуулсан байна.

  1. Дүгнэлт

Уг сэдвээр хийсэн багахан хэмжээний энэхүү судалгааны ажлын дүнд дараах 2 асуудлыг дэвшүүлж байна:

  1. Өмнө дурьдсанчлан шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг Улсын их хуралд өргөн барихдаа хуулийн төсөл, үзэл баримтлалд “...Мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагааны олон жилийн практикаар шалгагдсан хэм хэмжээнүүдийг авч үлдэх, олон улсын гэрээ, конвенц, НҮБ-ын зөвлөмжүүдэд тухайн хуулийг нийцүүлэх, Эрүүгийн процессын загвар хуулийн агуулга, зарчмыг судалж тусгах, судалгааны бүтээлүүдийг харгалзах, хүний эрхийн зарчим, шаардлагыг тусгах...” гэснийг эргэн санаад өсвөр насны яллагдагчийг цагдан хорьсон тухай түүний ар гэрт мэдэгдэх хугацаа нь ердийн журмаар явагдах тус ажиллагаанаас даруй 4 цагаар бага байгаа нь холбогдох гэрээ, конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлж чадаж байна уу, тус процесс хууль дахь  дээрх зохицуулалт нь  олон улсын тавцанд Монгол улсыг хүүхдийн эрхийг хамгаалж чадаж байна уу, зөрчигдөхөөс сэргийлэх арга хэмжээг даруй авч хэрэгжүүлж чадаж байна уу гэсэн асуултын өмнө эргэлзээтэй байдалд оруулж мэдэхээр байгаа юм.

Иймд олон улсын эрх зүйн актууд, дотоодын хууль тогтоомжоор хууль, эрх зүйн туслалцааг насанд хүрээгүй этгээдэд цаг алдалгүй, даруй авах эрхийг олгосон холбогдох зохицуулалтуудыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ, өсвөр насны яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрх, хүний анхдагч хэрэгцээгээр хангагдах эрхийн үндэс болсон цагдан хоригдсон үед ар гэрт нь мэдэгдэх хугацааг нэг мөр ойлгохоор зохицуулалт хийх нь зүйтэй болов уу.

  1. Хуульд нэмэлт, өөрчлөлт орох хүртэл энэхүү асуудлыг практикт хэрхэн яллагдагчид ашигтай байдлаар шийдвэрлэх вэ?

2017 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйлд

“1.Өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг удирдлага болгоно.”[23]  гэж хуульчилсан байх ба практикт ердийн журмыг өсвөр насны яллагдагчид ашигтай гэж үзэн баримтлах уу, эсвэл холбогдох хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай зохицуулахаар хуульчилсан тусгайлсан зохицуулалтаа хууль хэрэгжүүлэгчид барьж ажиллах уу гэдэг нь нэг мөр ойлгогдохооргүй байна.  

Түүнчлэн Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйл, Хүүхдийн эрхийн үндсэн зарчимд:

“4.1.2. төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах;”[24] гэж заасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан заалт нь дээрх үндсэн зарчмыг, хүүхдийн эрх ашигийг хөндсөн зохицуулалт мэтээр ойлгогдож байна.

Мөн хуулийн 10 дугаар зүйл буюу эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэгт:

“10.1.10.хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах;”[25] үүрэгтэй буюу 0-18 насны хэн ч хууль ёсны төлөөлөгчөөсөө наад захын хэрэгцээт зүйлээр хангагдах эрхтэй юм.

Иймд өсвөр насны яллагдагчийг цагдан хорьсон шийдвэр гарсан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар буюу 18.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг холбогдох хууль хэрэгжүүлэгч байгууллагууд баримтлан ажиллах нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүлж байна.

Ном зүй

Хууль тогтоомж, хэвлэмэл ном товхимол

  1. Монгол улсын Үндсэн хууль. 1992 он.
  2. НҮБ-аас баталсан Хүүхдийн эрхийн тухай конвенц. 1989 он.
  3.  НҮБ-аас баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт. 1966 он.
  4. Монгол улсын Эрүүгийн хууль. 2002 он
  5. Монгол улсын Эрүүгийн хууль. 2015 он
  6. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хууль. 2002 он
  7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль. 2017 он
  8. Монгол улсын Иргэний хууль. 2002 он
  9. Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хууль. 2016 он.
  10. Монгол улсын Гэр бүлийн тухай хууль. 1999 он
  11.  Монгол хэлний тайлбар толь. 2014 он
  12. Эрүүгийн процессын эрх зүйн тулгамдсан асуудал. 2018 он.

 

Цахим вэбсайт, цахим хэлбэрээр нийтэлсэн нийтлэл:

  1. www.legalinfo.mn
  2. www.emch.mn
  3. www.view.mn

 

 

 

 

[1] Монгол улсын Эрүүгийн хууль. 2002 он.

[2] Монгол хэлний тайлбар толь. 2014 он. 981-р тал.

[3] 16.1.Насанд хүрээгүй буюу 14-өөс 18 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байна.” 

[4]  63.1.Дараахь хүнийг асран хамгаална: 63.1.1.бага насны /14 нас хүрээгүй/ бүтэн өнчин хүүхэд;

 

[5] No one who was younger than 14 at the time an alleged offence was committed can be held criminally responsible. [Criminal Code, Section 19] Children aged 14 to 18 can be criminally liable where at the time of the offence, he or she was mature enough to see the injustice of the act and to act upon this knowledge. [Jugendgerichtsgesetz (Juvenile Courts Act), Sections 1 and 3]

[6] No person who was under the age of 14 at the time he or she committed an offence can be subject to punishment. A person aged 14 or 15 cannot be subject to criminal penalties where his or her misconduct is not “serious” and where the application of juvenile justice is not necessary to prevent young people from criminal acts. [Jugendgerichtsgesetz (Youth Court Act), Sections 1(1)-(2) and 4(2)]

[7] Generally, people can be held criminally responsible from the age of 16, but children can be held criminally responsible for intentional homicide, intentionally hurting another person so as to cause serious injury of death, rape, robbery, drug-trafficking, arson, explosion or poisoning from the age of 14. [Criminal Law of the People's republic of China, Article 17]

[8] People can be held criminally responsible for any offence committed from the age of 14, and from the age of 12 for homicide, voluntary manslaughter, battery, robbery and plundering, provided that the child had the capacity to understand the nature and consequences of his or her act. [Criminal Code, Section 16]

[9] The Penal Code asserts that no one can be punished under the criminal law for any act carried out while under the age of 14 [Penal Code, Article 40]. However, amendments made to the Juvenile Act in 2007 permitted the Family Courts to commit children as young as 11 to Juvenile Training Schools under the administration of the Ministry of Justice Correction Bureau. [See Cipriani, D. (2009), Children’s Rights and the Minimum Age of Criminal Responsibility: A Global Perspective, Farnham: Ashgate Publishing Limited, p.201 for further reading]

[10] 1 дүгээр зүйл. Энэхүү Конвенцийн зорилгод тухайн хүүхдэд хэрэглэх хуулийн дагуу тэрээр 18 наснаас өмнө насанд хүрсэнд тооцогдоогүй бол 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ.

[11] Монгол улсын Үндсэн хууль. 1992 он.

[12] Хууль зүйн яам. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх хуулийн төсөл УБ. 2015 он.

[13] Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль. 2017 он.

[14] СЭМҮТ-ийн хүүхэд, өсвөр үеийн багийн их эмч, АУ-ны докторант В.Баярмаа. www.emch.mn сайт дахь нийтлэл.

[15] СЭМҮТ-ийн хүүхэд, өсвөр үеийн багийн их эмч, АУ-ны докторант В.Баярмаа. www.emch.mn сайт дахь нийтлэл.

 

[16] Б.Ганжавхлан. Хүүхдийн сэтгэл зүйн онцлог ба хөгжил. www.view.mn

[17] Монгол улсын Иргэний хууль. 2002 он.

[18]Хүүхдийн эрхийн тухай конвенц. 1989 он.

[19] Хүүхдийн эрхийн тухай конвенц. 1989 он.

[20] Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт. 1966 он.

[21] Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт. 1966 он.

[22] Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт. 1966 он.

[23] Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль. 2017 он

[24] Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хууль. 2016 он.

[25] Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хууль. 2016 он.