Дундговь аймгийн прокурорын газар, Цагдаагийн газартай хамтран аймгийн Ерөнхий прокурор, аймгийн Цагдаагийн газрын дарга нарын хамтран баталсан удирдамжийн дагуу Эрүүгийн цагдаагийн тасагт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгагдаж байгаа эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаатай аяныг зохион байгуулжээ.
Аяныг аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч, аймгийн Цагдаагийн газрын дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга нар ахлан явуулж, 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон дүнг нэгтгэсэн байна. Аяны хугацаанд хэрэг бүртгэлтийн 8 хэрэгт гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдон сэрдэгдэж 8 этгээдийг олж тогтоон, эрүүгийн 201512000016 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан Х нь мөрдөн байцаалтын шатнаас 3 жил оргон зайлсан байсныг эрэн сурвалжилж, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутаг дэвсгэрээс олж илрүүлэн баривчилж хэргийг мөрдөн шалгаж байна.
Аяны хугацаанд нийт 40 хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд эдгээр хэргүүдийг эцэслэн шийдвэрлэснээр тус аймгийн хэмжээнд яллагдагч оргон зайлсан үндэслэлээр түдгэлзүүлсэн хэрэг байхгүй байна. Дундговь аймгийн прокурорын газраас мэдээллээ.
Аяны үр дүнг аймгийн Ерөнхий прокурорт илтгэх хуудсаар танилцуулж, прокурор, мөрдөгч нарын хамтарсан зөвлөгөөнөөр хэлэлцүүлж, дээрх хугацаанд тодорхой санаачлага гаргаагүй, хэрэг шийдвэрлээгүй мөрдөгч нарт арга хэмжээ тооцох ажиллахаар шийдвэрлэсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба