Иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрэээнд Чингэлтэй дүүргийн прокурорын газар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй нягт хамтран ажиллаж байна
Тус зөвлөл нь “ Нийтийн байр “-ны үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомж, журамд нийцэж байгаа эсэхийг шалгаж шаардлагатай баримт бичиг, дүрэм, журмыг уг байрны эрхлэгч иргэн, аж ахуй нэгж байгууллагад сурталчлан таниулах, дагаж мөрдүүлэх, хэрэгжилтийг хангуулах зорилгооор хууль хяналтын байгууллагуудтай хамтран дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “ Нийтийн байр “ –ны үйл ажиллагаанд үзлэг, шалгалтыг хийжээ.
Нийтийн байранд хийсэн шалгалтаар дараах нийтлэг зөрчлүүд илэрсэн байна. Үүнд: Нийтийн байрны үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгжүүдийн талаарх мэдээлэл хорооны болон Дүүргийн Засаг даргын Тамгын газрын нэгдсэн бүртгэлд бүрэн ороогүй, бусдад үйлчилгээ явуулах зөвшөөрөл аваагүй, галын болон цахилгааны аюулгүй байдлыг хангаагүй, түрээсээр амьдарч байгаа иргэдийн талаарх мэдээлэл тодорхой бус, тухайн байрнуудын орчин нөхцөл, зам талбай, бохир зайлуулах, гэрэлтүүлэг зэрэг нь хангалтгүй байгаа нь иргэдийн аюулгүй амьдрах эрхийг зөрчсөн, зарим нийтийн байрны 2 давхарт иргэдийг түрээсээр амьдруулж, 1 давхарт дэлгүүр, цайны газар ажиллуулсан нь барилгын тухай хууль болон түүнд нийцүүлж гаргасан Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас гаргасан журмыг тус тус зөрчсөн байна.
Түүнчлэн нийтийн байранд түр хугацаагаар амьдарсан иргэдийн талаарх нэгдсэн бүртгэл, мэдээлэл хангалтгүй байгаагаас ямар хүн тус байрны хэдэн тоотод түр байсан нь тодорхойгүй, оршин суугчдын дунд архидалт их гардаг, тус байрнуудаас цагдаагийн байгууллагад цөөнгүй гэмт хэрэг, зөрчлийн дуудлага өгч шийдвэрлүүлж байсан. Мөн телекамер байх боловч ажилладаггүй, хяналт тавьдаггүй зэрэг нийтлэг зөрчил шалгалтаар илэрсэн тул Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс анхааралдаа авч шаардлага хангахгүй нийтийн байрны үйл ажиллагааг зогсоох, зөрчлийг 1 сарын дотор арилгуулах арга хэмжээг зохион байгуулж байна.
Мөн тус прокурорын газраас Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, тогтоомжийг сурталчлан таниулах, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, прокурорын байгууллагын үйл ажиллагааг иргэдэд сурталчлах зорилгоор дүүргийн 1-19 дүгээр хорооны оршин суугчдад сургалт зохион байгуулсан байна. Сургалтанд Улаанбаатар их сургуулийн Хууль зүйн тэнхимийн багш Р.Алтангэрэл багш оролцож, иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгч, хамтран ажилласан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба