ШҮҮХЭЭС ҮҮРЭГ ХҮЛЭЭЛГЭХ, ЭРХ ХЯЗГААРЛАХ АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ АВАГДСАН ЭТГЭЭДҮҮДЭД СУРГАЛТ, ЯРИА ТАНИУЛГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ШҮҮХЭЭС ҮҮРЭГ ХҮЛЭЭЛГЭХ, ЭРХ ХЯЗГААРЛАХ АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ АВАГДСАН  ЭТГЭЭДҮҮДЭД СУРГАЛТ, ЯРИА ТАНИУЛГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүргийн прокурорын газраас дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран дүүргийн хэмжээнд шүүхээс үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан 40 гаруй хүнд дахин гэмт хэрэг үйлдэх, нийгмийн хэв журам зөрчихөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2018 оны 05 дугаар сарын 24-ны өдөр дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байранд хууль сурталчлах ажлыг зохион байгууллаа.

Хууль сурталчлах арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ц.Алдаржавхлан оролцож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд шүүхээс даалгасан үүрэг, хязгаарлалтыг биелүүлэх талаар зохих туслалцаа үзүүлэх хүрээнд холбогдох байгууллагуудтай хамтран авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар;

Дүүргийн прокурорын газрын ШШГАХТ ахлах прокурор Х.Жанибек шинэчлэн батлагдсан Эрүүгийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулиудын талаар ойлголтуудыг өгч, хуульд тэнсэх, эрх хязгаарлах, үүрэг хүлээлгэх  албадлагын арга хэмжээг хэрхэн тусгаж өгсөн талаар, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдээс хяналтанд байх хугацаанд анхаарах асуудлуудын талаар тус тус мэдээлэл хийжээ.

Мөн Удирдлагын академийн багш, доктор, дэд профессор Н.Цолмонтуяа албадлагын арга хэмжээ авагдсан хүмүүст “Хувь хүний ёс зүй, харилцаа хандлага” сэдвээр сургалт явуулж, хувь хүний төлөвшил, ёс зүй, харилцаа хандлагын мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн лекц уншсан нь хяналтанд авагдсан этгээдүүдээс гэмт хэрэг, зөрчилд дахин холбогдохоос урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой ажил болсон байна. Хан-Уул дүүргийн прокурорын газраас мэдээллээ.