Ховд аймгийн прокурорын газраас санаачлан, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран тус аймгийн Манхан суманд Прокурорын байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах Нээлттэй өдөрлөгийг 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулжээ. Өдөрлөгт Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Мэргэжлийн хяналтын газар болон Манхан, Зэрэг, Дарви, Мөнххайрхан сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагчид, иргэдээс бүрдсэн 150 гаруй хүн оролцсон байна.
Өдөрлөгийн үеэр Прокурорын газраас аймгийн болон Манхан, Зэрэг, Дарви, Мөнххайрхан сумдын 2018 оны эхний 5 сарын эрүүгийн болон зөрчлийн нөхцөл байдал, шинэчлэн батлагдсан Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудаар тус тус мэдээлэл өгч, хууль сурталчилсан тараах материалуудыг тарааж ажилласан бол бусад оролцогч байгууллагуудын зүгээс өөрийн байгууллагын хийсэн ажлын талаар товч мэдээлэл өгч ажиллажээ.
Түүнчлэн оролцогч сумдын төлөөлөгчдийн дунд хөгжөөнт танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг зохион байгуулж, удирдамжийн дагуу “Эссэ” бичлэгийн уралдаан болон “Дэвжээ” тэмцээнүүдийг зохион байгуулсан байна.
“АХА” тэмцээнийг сумдын төлөөлөл болсон 60 иргэдийн дунд асуулт, хариулт хэлбэрээр явуулахад тэргүүн байранд Манхан сумаас оролцсон Б.Гэрэлчулуун, дэд байрыг Зэрэг сумаас оролцсон Д.Мөнх-Эрдэнэ, гуравдугаар байрыг Мөнххайрхан сумаас оролцсон Ш.Сүхбаатар нар эхний байруудыг эзэлсэн бол Архидан согтуурахтай тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Тамхины хяналтын тухай хуулиудын хэрэгжилт орон нутагт ямар байгаа, сайжруулах чиглэлээр цаашид юу хийх шаардлагатайг харуулсан жүжигчилсэн тоглолт, ханын сонин, шог дууны уралдаан, гарын авлагын танилцуулга зэрэг хэсгүүдээс бүрдсэн “Дэвжээ” тэмцээнд С.Амарсайхан ахлагчтай Манхан сумын “Гурван сэнхэр” баг 60.5 оноогоор, Ц.Тунгалаг ахлагчтай Мөнххайрхан сумын “Цастын шонхорууд” баг 60 оноогоор, Б.Сарантуяа ахлагчтай Дарви сумын “Сутайн зам” баг 52.5 оноогоор эхний гурван байрыг эзэлсэн бөгөөд 1, 2, 3 дугаар байр эзэлсэн багуудыг Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж, Тэргүүн байр эзэлсэн суманд Шилжин явах цом гардуулсан байна.
Сум бүр урьдчилан ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд удирдамжид заагдсан сэдвүүдээс сонгож “Эссэ” бичлэгийн уралдаан явуулж, тухайн сумаас шалгарсан 1 сурагчийн шалгарсан “Эссэ”-гээр илтгэл тавиулж, сэдвийн агуулга, илтгэл тавьсан байдал зэргийг харгалзан байр эзлүүлснээс тэргүүн байрыг Зэрэг сумын 12 жилийн ерөнхий боловсролын сургуулийн 11а ангийн сурагч н.Ариунцэцэг “Нуугдмал хүчирхийлэл” сэдвээр, дэд байрыг Мөнххайрхан сумын 12 жилийн ерөнхий боловсролын сургуулийн 8а ангийн сурагч Б.Ану “Гэр бүлийн хүчирхийлэл” сэдвээр, гуравдугаар байрыг Манхан сумын 12 жилийн ерөнхий боловсролын сургуулийн 12а ангийн сурагч н.Солонго “Гэр бүлийн хүчирхийлэл ба хүүхэд” сэдвээр тус тус эзэлсэн байна.Энэхүү арга хэмжээг иргэдийн зүгээс прокурорын газраас санаачлан зохион явуулж байгаад талархаж, жил бүр тогтмол зохион явуулахыг хүсчээ. Ховд аймгийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба