МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА” СЭДЭВТ БҮС НУТГИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

A- A A+
МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ОЛОН ТАЛТ      ХАМТЫН АЖИЛЛАГАА” СЭДЭВТ БҮС НУТГИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

Төв аймаг нь газар зүйн байршлын хувьд нийслэл Улаанбаатар хотоос 45 км зайтай оршдог, нийслэл хот руу болон гадагш чиглэсэн бүх хөдөлгөөн тус аймгийн сумдын нутгаар дайран өнгөрдөг тул гэмт хэргийн тоо жилээс жилд өсөх хандлагатай байна. Эдгээрийн  дотроос мал хулгайлах гэмт хэрэг  аймгийн  нийт гэмт хэргийн 15-20 хувийг,   улсын хэмжээнд үйлдэгдэж байгаа нийт мал хулгайлах гэмт хэргийн 10-15 орчим хувийг тогтмол эзэлдэг. Мал хулгайлах гэмт хэргийг  Төв аймгийн харьяалалгүй бусад хот аймгаас ирсэн болон явуулын  иргэд  үйлдэх нь  олонтой байдаг ажээ. 

            Иймд аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, энэ төрлийн гэмт хэргийг бууруулахад бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулах үүднээс “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх олон талт хамтын ажиллагаа” сэдэвт Бүс нутгийн зөвлөгөөнийг хил залгаа Хэнтий, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ зэрэг 6 аймаг, Улаанбаатар хотын 7 дүүрэгтэй хамтран зохион байгуулжээ. 

            Дээрх зөвлөгөөнд тус Аймгийн прокурорын газраас тухайн аймагт үйлдэгдсэн малын хулгайн гэмт хэргийн талаар сүүлийн 10 жилийн байдлаар судалсан судалгааны  үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор А.Аварзэд “Мал хулгайлах гэмт хэргийн гаралт, түүний шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, илрүүлэлт” сэдэвт илтгэл хэлэлцүүлэн Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Аймаг, сумын ИТХ, Засаг дарга, ГХУСАЗСЗөвлөл, цагдаагийн газар болон хууль хяналтын байгууллага, иргэд олон нийт, малчид, малчдын бүлэгт хандаж гаргах зөвлөгөөний шийдвэрт дараах саналыг тусгуулжээ.

а/ Төрөөс баримтлах бодлогын хүрээнд:

1. Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.12 дахь хэсэг “Мал хулгайлах” зүйл хэсэгт дараах өөрчлөлт оруулах

- Одоогийн мөрдөж байгаа хуулиар “бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх” гэсэн хорихоос өөр төрлийн ял оногдуулж байгааг өөрчлөн зөвхөн хорих ял оногдуулдаг болгох

- Зарим тодорхой төрлийн гэмт хэрэг үйлдсэн түүний дотроос “мал хулгайлах” гэмт хэрэг үйлдэж шүүхээс хорих ялаар шийтгүүлсэн тохиолдолд хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоох тухай хуулийн заалтыг хэрэглэхгүй хаалттай болгох

- Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн/ тайлбарт “олон тооны мал” гэж 24 бог, найман бодоос дээш малыг ойлгоно”  гэснийг өөрчилж богийг 10-аас дээш, бодыг 3-аас дээш хулгайлсан бол олон тооны гэж үзэх

- Хулгайн гэмт хэргийг үйлдэхдээ “бусдын амьжиргааны эх үүсвэрээс салгасан” гэсэн хуучин Эрүүгийн хуулийн заалтыг шинэ хуулинд нэмж оруулж хуульчлан ялыг хүндрүүлдэг болгох

- Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай 2004 оны хуулийг шинэчлэн өөрчлөх

б/ Нутгийн өөрөө удирдах ёсны болон, нутгийн захиргааны байгууллагаас:

- Бүх шатны Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд гарч байгаа малын хулгайн гэмт хэрэг, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар тодорхой арга хэмжээ авч дээрх ажилд зарцуулагдах төсвийн хэмжээг хүрэлцэхүйц хэмжээгээр баталж өгөх

- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн одоогийн ажлыг сайжруулан өөрчилж үйл ажиллагааг нэгтгэн удирдах,   чиглүүлэх, зөвлөгөө өгөх,

- Малчдын дунд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтыг тогтмол явуулах, малчдын сайн дурын үүсгэл санаачлалыг дэмжих

- Малын гарал үүслийн гэрчилгээ олгох ажлыг хариуцаж байгаа ажилтнуудын ажлын хариуцлагыг дээшлүүлэх

- Хот, аймгийн төврүү гарал үүслийн гэрчилгээгүй мал, махыг оруулахыг хориглох

в/ Цагдаагийн байгууллагаас:

- Төв сууринд чиглэсэн замд цагдаагийн пост шинээр бий болгож хяналтыг чангатгах

- Хөдөлгөөнт, хүч нэмэгдүүлсэн постыг ажиллуулах

 -Мал махны бөөний худалдааны газруудад цагдаагийн хэсэг, төлөөлөгчийг ажиллуулах

- “Хүчит шонхор”, “ Эмээлт”, “Хархорин”, “Цайз” зэрэг махны худалдааны томоохон цэгүүдийг камержуулан цагдаагийн давхар хяналт тогтоох

- Мал махны худалдаа эрхлэгчдийг бүртгэлжүүлэн нүдэнд ил харагдахуйц таних тэмдэгтэй болгох

- Мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж хорих ялыг тэнссэн, хорих ялаас хугацааны өмнө суллагдаж хяналт тогтоосон этгээдүүдэд тавих цагдаагийн байгууллагын хяналтыг чангатгах, ажлыг тогтмолжуулах

- Тээврийн хэрэгслээр болон малыг хөлөөр нь оруулж ирж байгаа нөхцөлд хийх үзлэг шалгалтыг сайжруулах

- Гэмт хэрэг үйлдэгчдийн талаар шуурхай мэдээлэл солилцдог болох

- Хулгайн гэмт хэргийн зохион байгуулалттай бүлэглэл, сүлжээг илрүүлэхэд цагдаагийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах

- Малын хулгайн талаарх мэдээллийн нууцыг хадгалах

- Үнэн бодитой мэдээллийг үнэлгээтэй болгох, мэдээлэгчтэй харилцан тохиролцох талаар хуулийн заалтыг хэрэгжүүлэн, түүнд зарцуулагдах мөнгөн хөрөнгийн санг бүрдүүлэх

г/ Мал  бүхий иргэд, байгууллагуудаас хийх ажлын чиглэл

- Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг малчдаас өөрөөс нь эхлэх

- Малаа байнгын хариулга, маллагаа, шөнийн манаатай болгох

- Малчдын сонор сэрэмжийг дээшлүүлэх

- Мал хамгаалах бүлэг, нөхөрлөл байгуулах, сайн дурын хөдөлгөөнийг өрнүүлэх дэмжих

- Малын урамшуулалтай эргүүл, харуул ажиллуулах

- Малаа им, тамгатай болгох

- Шилмэл омгийн, хурдан удмын, гойд ашиг шимтэй малаа зурагжуулах, бүртгэлийн карттай болгох

- Малд дохиоллын системийг нэвтрүүлэх талаар тодорхой санал оруулж хэлэлцүүлэн зөвлөгөөний шийдвэрт тусгуулсан нь үр дүнтэй ажил болжээ.