УВС АЙМГИЙН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУД НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
УВС АЙМГИЙН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУД НЭГДСЭН  ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Увс аймгийн Прокурорын газрын 2018 оны 2 дугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Увс аймаг дахь хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Увс аймаг дахь сум дундын эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид, аймгийн прокурорын газрын прокурорууд, аймгийн Цагдаагийн газар, Тагнуулын газар, Хилийн цэргийн анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний албаны албан тушаалтнууд, Хууль эрх зүйн хэлтсийн дарга, мэргэжилтэн, Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагын удирдах болон эрх бүхий албан тушаалтнууд, өмгөөлөгч нар тус тус оролцож хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, шинээр батлагдсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудал, цаашид анхаарах асуудлын талаар хамтран ярилцаж, нэгдсэн нэг ойлголтод хүрсэн үр дүнтэй зөвлөгөөн боллоо. Үүнээс гадна ОХУ-ын Тува улсын талтай хил залгаа тус аймгийн Бөхмөрөн, Сагил, Давст сумдад үйлдэгдэж буй мал хулгайлах, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрч байгаа хэргүүдийг хурдан хугацаанд шалгаж тогтоох, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлыг үр дүнтэй зохион байгуулах талаар хууль, хяналтын байгууллагууд хамтран ажиллах шийдвэрт хүрсэн бөгөөд 2018 оны 12 дугаар сард хийх хамтарсан зөвлөгөөнөөр  уг зөвлөгөөнөөс гарсан шийдвэр, үр дүнгийн талаарх биелэлтийг тооцож ажиллахаар болсон байна. УВС АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.