Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт судалгааны төвийн 2018 оны сургалтын төлөвлөгөөнд тусгагдсны дагуу орон нутгийн прокурорын газрын нэгжүүдэд зохион байгуулах сургалтын үйл ажиллагаа Төв аймгийн прокурорын газраас эхэлсэн байна. Тус Аймгийн прокурорын газарт Сургалт судалгааны төвийн захирал М.Гантулгаар ахлуулсан 9 сургагч багш "УЛСЫН ЯЛЛАГЧИЙН МЭТГЭЛЦЭХ УР ЧАДВАР” сэдэвт 2 өдрийн сургалтыг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 8-ны өдрүүдэд явуулж амжилттай өндөрлөжээ. Сургалтанд тус Аймгийн прокурорын газрын нийт 17 прокурор, туслах ажилтан хамрагдсан байна. Сургалтыг мэтгэлцээний тухай ойлголт, шүүх хуралдаанд бэлтгэх нь, мэдүүлэг авах буюу асуулт тавих тактик, эсэргүүцсэн санал гаргах, мэдүүлгээс бусад нотлох баримтыг шинжлэн судлах ажиллагаанд прокурор оролцох нь, анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлт хэлэх, илтгэх ур чадвар, ял эрүүгийн хариуцлага оногдуулах, шүүх хуралдаанд прокурор оролцож дүгнэлт хэлэх зэрэг сэдвүүдийн хүрээнд явуулж, прокуроруудын онолын мэдлэгийг дээшлүүлэх, практик туршлагыг сайжруулах, шинэчлэн баталсан хуулиудыг нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд ихээхэн үр дүнтэй сургалт болжээ.
Сургалтын төгсгөлд сургалтаар олж авсан мэдлэгийг бататгах зорилгоор шүүх хуралдааны оролцогчдын багт хуваан, үзүүлэх шүүх хуралдаан зохион байгуулж, явцыг бичлэгээр бэхжүүлэн, үзүүлэх шүүх хуралдааны бичлэгэнд тулгуурлан анализ, дүгнэлт хийж, анхаарах асуудлын талаар дүгнэлт хийж мэдээлэл солилцлоо.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба