Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүнийг ямар тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар, ямар үйлдлийг нь гэмт хэрэг гэж үзэж Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулж байгаа талаар болон олны анхааралд өртсөн зарим Зөрчлийн хэргийн талаар Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга А.Цэрэнсодномоос тодруулга авлаа.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой ямар үйлдлийг нь Зөрчлийн тухай хуулиар шалгаж, шийдвэрлэж байгаа , ямар үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдон гэж Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар ойлголт өгнө үү
Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой үйлдэл, эс үйлдэхүйг Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд ялгаатай хуульчилж өгсөн байдаг.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож гэр бүлийн хүчирхийллийг байнга буюу өөрөөр хэлбэл 2 буюу түүнээс дээш удаа үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хариуцлагад татах бөгөөд энэ үйлдлийг үйлдэхдээ харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан, энэ гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн, мөн асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын ажилтан энэ хэргийг үйлдсэн, үйлдлийг таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцэж үйлдсэн бол Эрүүгийн хуулийн "Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх" гэсэн зүйл хэсгээр шалгаж , шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.
Гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс гэж ямар хүмүүсийг хэлэх бэ?
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд, хэдийгээр тусдаа амьдарч байгаа ч төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү хамаарна. Мөн гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна.
Хохирогчийн биед гэмтэл учруулсан бол гэмт хэрэгт тооцох уу, зөрчил гэж үзэх үү ?
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож биед нь хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан "Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг" гэмт хэрэг үйлдсэн гэж шалгаж, шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.
Өөрөөр хэлбэл Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед гэмтэл учирсан бол Эрүүгийн хуулийн дээрх зүйл ангиар хэрэг нээн шалгаж шийдвэрлэнэ. Хохирогчийн биед гэмтэл учирсан хэргийг зөрчил гэж үзэн шалгаж шийдвэрлэсэн тохиолдол байхгүй ээ.
Тэгвэл ямар үйлдлийг Зөрчлийн тухай хуулиар шалгах вэ?
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон үйлдэл нь байнгын шинжгүй зодсоны улмаас биед нь ямар нэг гэмтэл учраагүй, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцахыг хязгаарласан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил гэж үзэн Зөрчлийн тухай хуулиар шалгаж, албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах хуулийн зохицуулалттай.
Гэр бүлийн хүчирхийлэлийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил 2-ыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Гэр бүлд гарсан маргаан, үйлдэл болгоныг гэмт хэрэг гэж тооцохгүй. Хуулийн зохицуулалт нь тийм юм.
Гэр бүлийн хамааралтай хүмүүс хуулийн байгууллага шалгаад эхлэхээр ихэнх тохиолдолд " гомдолгүй" гэж хэлдэг . Энэ нь хэрэг, материалыг хаах, хэрэгсэхгүй болгох үндэслэл болох уу?
Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн талаар гомдол гаргасан этгээд болон хохирогчийн зүгээс ямар нэгэн гомдол, саналгүй гэсэн үндэслэлээр зөрчлийн болон хэрэг бүртгэлтийн хэргийг хаах, хэрэгсэхгүй болгох, ял, шийтгэлээс чөлөөлөх хуулийн үндэслэл байхгүй.
УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарын өрөөнд 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр иргэн Л.Магнайбаярыг Н.Уламбаяр гэгч зодсон гэх талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр яригдсан. Энэ талаар шалгасан уу?
УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарын өрөөнд 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Иргэн Л.Магнайбаярыг Н.Уламбаяр баруун хацарт 2 удаа цохисон гэх гомдлыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс хүлээн авч шалгаад 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний биед халдсан " гэж 1709000459 дугаартай зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан. Гомдол гаргагч Л.Магнайбаяраас хохирогчоор мэдүүлэг авч түүний биед гэмтэл үүссэн эсэхийг тогтоолгохоор 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шинжээч томилж, шинжилгээ хийлгэхээр явуулсан боловч иргэн Л.Магнайбаяр нь шүүх эмнэлэгт үзүүлж, шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй, түүний биед гэмтэл учирсан эсэхийг тогтоох боломжгүй болсон. Иймд гэмт хэргийн шинжгүй байсан тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шалгаж Н.Уламбаяр нь “хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон” гэж хуульд заасан 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан болно. Дээрхи зөрчлийн хэргийг хуульд заасан 14 хоногийн хугацаанд шалгаж шийдвэрлэсэн байна.
Ярилцлага өгсөнд баярлалаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба