Баянгол дүүргийн прокурорын газар, Дүүргийн хэмжээнд “Өсвөрийн эрх зүйн элч бэлтгэх” сургалтыг хамтран зохион байгууллаа. Сургалтын зорилго нь дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтны тодорхойлсон сурлага, нийгмийн идэвх, сахилга, хүмүүжил зэргийг харгалзан “Өсвөрийн эрх зүйн элч” нарыг сонгон авч, цаашид өсвөр насны хүүхдүүдийн дунд сургалт явуулах, анхаарал татаж буй асуудлын талаар санал бодлыг нь сонсож, сургалтын сэдвийг тодорхойлох, хууль тогтоомжийг сурталчлах ажилд хамтран ажиллахад чиглэж байгаа болно. Тус дүүргийн прокурорын газраас “Өсвөрийн эрх зүйн элч бэлтгэх” сургалтад Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуулиудын хүүхдийн эрх, үүрэгтэй холбоотой зүйл хэсгийн талаар сургалт хийсэн ба уг сургалтад дүүргийн ерөнхий боловсролын 18 сургуулийн 9-11 дүгээр ангийн 56 хүүхэд, 12 нийгмийн ажилтан, Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн, “Отгонтэнгэр” их сургуулийн багш нар зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцсон. Сургалтын төгсгөлд Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Баянгол дүүргийн прокурорын газраас “Өсвөрийн эрх зүйн элч” нарт “Батламж” гардуулан үйл ажиллагааныхаа үр дүнг хэлэлцэн 2018 оны 12 дугаар сард хаалтаа хийхээр шийдвэрлэлээ. БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба