Улсын Ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн хяналтын прокурор Г.Цэцэгмаа АНУ-ын Вашингтон хотод 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 10-ны өдрийн хооронд зохион байгуулагдсан АНУ-ын Үндэсний прокуроруудын холбоо түүний харъяа Үндэсний Прокуроруудын Сургалт судалгааны төвөөс жил бүр зохион байгуулагддаг тэтгэлэгт хөтөлбөрийн сургалтанд оролцоод ирсэн.
Уг сургалтын талаар түүний prokuror.mn сайтанд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
Ямар сургалтад оролцоод ирсэн талаар ярина уу?
Г.Цэцэгмаа: АНУ-ын Үндэсний прокуроруудын холбоо, түүний харъяа Үндэсний прокуроруудын сургалт судалгааны төвөөс жил бүр зохион байгуулдаг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаад ирлээ. Энэ удаагийн сургалт АНУ-ын Вашингтон, Нью-Иорк хотуудад 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 10-ний өдрийн хооронд зохион байгуулагдсан. Сургалтад АНУ-ын 9 муж, Англи, Өмнөд Африк, Мексик, Бразил, Тайланд, Австрали, Ямайка, Уганда, Маврик, Нигер, Тайланд зэрэг 14 орны 23 прокурор оролцсон. Сургалт жил бүр өөр өөр сэдвийн хүрээнд явагддаг бөгөөд энэ удаагийн сургалт “Хэрэглэгчийг хуурамч бараа бүтээгдэхүүн хэрэглэхээс хамгаалах” сэдвийн дор зохион байгуулагдаж, оролцогчдод сертификат олгосон.
Сургалтын хөтөлбөрт ямар сэдвүүд багтсан бэ?
Дэлхийн хамгийн зальжин хүн гэгддэг 15-21 насандаа бичиг баримт хуурамчаар үйлдэн, ашиглаж олон банк, санхүүгийн байгууллагаас их хэмжээний мөнгийг залилсан “Чадвал намайг барь” киноны гол дүрийн баатрын бодит дүр ноён Frank Abagnale “Хувийн мэдээллийг хулгайлах гэмт хэрэг” сэдвээр илтгэл тавьсан.
Г.Цэцэгмаа:Илтгэлийг тухайн салбарт танигдсан нэр хүнд бүхий мэргэжилтнүүд тавьсан. Тухайлбал, “Чадвал намайг барь” киноны гол дүрийн баатрын бодит дүр ноён Frank Abagnale “Хувийн мэдээллийг хулгайлах гэмт хэрэг” сэдвээр илтгэл тавьсан.
Ердөө 15-21 насандаа бичиг баримт хуурамчаар үйлдэн, ашиглаж олон банк, санхүүгийн байгууллагаас их хэмжээний мөнгийг залилсан, нисгэгч, эмч, хуульч зэрэг олон дүрд хувирч, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж "дэлхийн хамгийн зальжин хүн" нэрийг зүүсэн түүнийг Европын улсуудад ял эдэлж байхад нь АНУ шилжүүлэн авч, улмаар тус улсын Холбооны мөрдөх товчоотой хамтран ажиллах санал тавьсан цагаас хувийн мэдээллийг хулгайлж ашиглах, цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд өөрийн амьдралаа зориулж, Холбооны мөрдөх товчооны академи болон олон мянган банк, санхүүгийн байгууллагад зөвлөх үйлчилгээ үзүүлэх болсон өөрийн амьдралын түүх болон одоо хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар сонирхолтой илтгэлийг хүргэсэн.
Түүний илтгэлийн гол санаа нь технологийн хөгжилтэй уялдуулан шинэ тутам үйлдэгдэж гарч байгаа гэмт хэргийн эсрэг олон арга хэмжээ авч байгаа хэдий ч гэмт хэрэгтнүүд үүний эсрэг боломжуудыг хайж байдаг. Иймд хүн бүр цахим гэмт хэрэг, цахим залилан болон интернетийн зүй зохистой хэрэглээний талаар мэдлэг мэдээлэлтэй байж, өөрийгөө боловсруулах, байгууллага ажилтнууд, хэрэглэгч нартаа энэ чиглэлээр боловсрол олгож, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь гэмт хэрэгтэй тэмцэх хамгийн шилдэг арга зам гэж байсан.
Сонирхуулахад ноён Frank Abagnale нь дэлхийн 14,000 гаруй банк, санхүүгийн байгууллага болон компаниудын ашигладаг залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх программ болон өдгөө дэлхийн 80 гаруй оронд ашиглаж байгаа цахим халдлага, залилан мэхлэх гэмт хэргийг илрүүлдэг “41 дүгээр параметр” технологийг хөгжүүлсэн байдаг юм билээ.
Түүнчлэн АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обамагийн захиргаанд оюуны өмчийн зөвлөхөөр ажиллаж байсан Danial Marti, Холбооны хууль зүйн департаментийн ахлах зөвлөх Rich Goldberg болон АНУ-ын Оюуны өмчийн газар, хэрэглэгчийг эрх ашгийг хамгаалах газрын ахлах мэргэжилтэн, мужийн прокурорын газрын туслах прокурор зэрэг тухайн салбартаа танигдсан олон мэргэжилтнүүд ирж “хэрэглэгчийг хуурч мэхлэх, төөрөгдүүлэх гэмт хэрэг, тэдгээртэй тэмцэж байгаа арга зам, оюуны өмчийн эсрэг гэмт хэрэг болон эдгээрийг шалгаж шийдвэрлэх ажиллагаа, орчин үеийн дэвшилтэт технологи болон цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, урьдчилан сэргийлэх арга замууд сэдвийн хүрээнд сонирхолтой илтгэл тавьсан. Мөн АНУ-ын Хууль зүйн департамент, Улсын Дээд шүүх, Холбооны мөрдөх товчоо зэрэг байгууллагуудад зочилж тус улсын 84 дахь Ерөнхий прокурор ноён Jeff Session, АНУ-ын Дээд шүүхийн 20 дахь нарийн бичгийн дарга /ажлын албаны дарга/ Scott Harris болон Сенатын гишүүн Sheldon Whitehouse зэрэг өндөр албан тушаалтнуудтай уулзсан.
АНУ-д хэрэглэгчийн эрх ашгийг хэрхэн хамгаалж байна вэ? Үүнд прокурор ямар үүрэг гүйцэтгэж оролцдог вэ?
Г.Цэцэгмаа: АНУ-ын хувьд холбооны болон муж улсын түвшинд өөр өөр эрх зүйн зохицуулалттай, хариуцан хэрэгжүүлдэг байгууллагууд нь өөр өөр байдаг.
Холбооны түвшинд хэрэглэгчийн эрхийг хамгаалах “Холбооны худалдааны комисс”, “АНУ-ын хүнсний аюулгүй байдлын хороо” зэрэг олон бие даасан агентлагууд ажилладаг бол мужийн түвшинд прокурор “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль”- ийг хэрэгжүүлж ажилладаг.
АНУ-ын хувьд “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хууль”-ийн хүрээнд тухайн улсын прокурорууд нийтийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд өөрийн санаачилгаар болон иргэд, байгууллагын гомдлоор мөрдөн шалгалтыг явуулж, төрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргаж иргэний шүүх хуралдаанд оролцдог байна.
Ингэхдээ тайлбар, тодруулга авах, баримт бичиг гаргуулах, шаардлагатай асуудлаар мэргэжлийн шинжээчдийг хөлсөлж дүгнэлт гаргуулах зэргээр нотлох баримтуудыг цуглуулж, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн байр сууринаас оролцдог.
Дээрх байгууллагууд нь бүгд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, бие даан нэхэмжлэл гаргаж шүүх хуралдаанд оролцох боломжтой байдагт дараах учир шалтгаантай байдаг байна. Хохирогчийн эрх ашгийг бүрэн хамгаалж, хохирол, хор уршгийг цаг тухайд нь арилгах боломжтой байдгаараа дан ганц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх мехнизмаас үр дүнтэй төдийгүй, нийтийн эрх ашгийг хамгаалахад ач холбогдолтой байдаг юм байна. Нийтийн эрх ашгийг хамгаалах нь тэргүүн зэргийн зорилго байдаг. Бүтээгдэхүүнийг хэрэглээд хохирсон иргэн дангаараа нотлох баримт бүрүүлж шүүхэд хандаж, нэхэмжлэлийн шаардлагаа хангуулах боломж хомс бөгөөд аливаа мэргэшлийн байгууллагын оролцоо хяналтгүйгээр нийтийн ашиг сонирхол бүрэн хамгаалагдаж чадахгүй ;
Нэг хүн хохирсон ч "нийтийн эрх ашиг хөндөгдсөн " гэж үзэж прокурорууд өөрийн санаачилгаар болон иргэд, байгууллагын гомдлоор мөрдөн шалгалтыг явуулж, төрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргаж иргэний шүүх хуралдаанд оролцдог байна.
Иргэний журмаар шүүхэд хандахад эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих нөхцөл байдлууд гэмт хэргийн санаа зорилго, хор уршиг зэргийг нотлох шаардлаггүйгээр тухайн харилцааг зохицуулж байгаа хуулийн заалт зөрчигдсөн гэдгийг тогтоож шүүхэд ханддаг, Цаг хугацаа алдалгүй хохирол, хор уршгийг арилгах боломжтой байдаг.Тухайлбал:
Байгаль орчны эсрэг гэмт хэрэг дээр ихэнх тохиолдолд эрүүгийн болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зэрэгцэн явуулдаг бөгөөд тухай гэмт үйлдэлд хэн буруутай болохыг тогтоохын зэрэгцээ байгаль орчныг хамгаалах талаар хууль, журам зөрчлийг таслан зогсоох, байгаль орчинд учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар иргэний журмаар шүүхэд ханддаг байна.
Дэлхийн улс орнуудад "хэрэглэгчийг хуурч мэхлэх төөрөгдүүлэх" ямар төрлийн зөрчил, гэмт хэрэг түгээмэл үйлдэгддэг юм бол ?
Г.Цэцэгмаа :Хэрэглэгчийг хуурч мэхлэх, төөрөгдүүлэх гэмт хэрэг, зөрчил нийгмийн бүхий л салбарт түгээмэл байдаг бөгөөд эдгээр гэмт хэрэг нь оюуны өмч түүний дотор барааны тэмдэг, мөнгө угаах гэмт хэрэг, зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдтэй холбоотой байдаг. Үүнээс:
Жилдээ 160-200 тэрбум ам.долларын худалдааны эргэлттэй хуурамч эмийн үйлдвэрлэл, худалдаа өсөн нэмэгдэж байгаа бөгөөд хуурамч эмийн үйлдвэрлэл, хууль бус худалдааны 70% -ийг Энэтхэг Улс эзэлдэг бол Хятад, Пакистан, Афганистан, Узбекстан болон Латин америк, Африкийн улсууд удаалдаг байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаагаар хуурамч эмийг хэрэглээнээс шалтгаалж жилдээ 1 сая хүн нас барж байгаа статистик байдаг байна.
Хуурамч эм нь эмийн үйлчилгээгүй нутаг бүтээгдэхүүн, хортой химийн бодис, хүнд метал агуулсан, эмийн бодис найрлагын дагуу ч эмчилгээний тунд хүрдэггүй, эмчилгээний дусал бохир ус зэрэг байдаг байна.
Эмийн интернет худалдаа өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулж хуурамч эм худалдаалдаг 15000 гаруй вэб сайт ажиллаж байдаг бөгөөд нийт интернэтээр худалдаалагдаж байгаа эмийн 50 гаруй хувь нь хуурамч эм, эмийн бүтээгдэхүүн эзэлдэг байна.
Мөн хуурамч цахилгаан хэрэгсэл, хуурамч автомашины хэрэгсэл, гоо сайханы бараа бүтээгдэхүүн зэрэг олон нийтийн эрүүл мэндэд хор хохирол учруулж байгаа олон тохиолдлуудын зэрэгцээ цахим орчинд хүний хувийн мэдээллийг хулгай, интернэт залилангийн гэмт хэргүүд өсөн нэмэгдэж байгааг тэмдэглэж байсан.
Сонирхолтой ярилцлага өгсөнд Баярлалаа
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба