Булган аймгийн Прокурорын газрын хамт олон ахмад ажилтан Магсарын Удвалын 80 насны ой тохиолдуулан хүндэтгэл үзүүлж гэр бүл үр хүүхэдтэй нь уулзаж, ахуй амьдралтай нь танилцлаа. Уулзалтын үеэр ахмад прокурор М.Удвалд Монгол Улсын прокурорын байгууллагын ахмадын холбооноос илгээсэн дурсгалын зүйлийг гардуулан өглөө. М.Удвал нь тус прокурорын газарт үйлчлэгч, бичиг хүргэгчээр ажиллаж байсан ба 33 жил улсад ажиллаад, өндөр насны тэтгэвэрт гарсан, түүний хөдөлмөр бүтээлийг Төр засаг өндрөөр үнэлэн Засгийн газрын хүндэт жуух бичиг, Төрийн дээд “Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар тус тус шагнасан байна. Одоо охин Ширчмаагийн асрамжид Орхон аймгийн Баян-Өндөр суманд амьдарч байна. Тэрээр өөрийн ажиллах хугацаанд учирч байсан дурсамжтай, сургамжтай зүйлүүдийн талаар дурсаж халуун дулаан яриа өрнүүлэхдээ “...би Цоодол прокурорын үед тэтгэвэрт гарсан, Ц.Мөнхбат прокурорыг байхад миний охин түр хугацаагаар нарийн бичгийн даргаар нь ажиллаж байлаа.Энэ хүн шударга, шаардлага өндөртэй, сүр хүч ихтэй ч маш хүнлэг прокурор байсан.Мөн М.Оюундэлгэр прокурор чинь миний мэдэхийн манай прокурорын газарт байсан ганцхан бүсгүй /эмэгтэй/ дарга байгаа юм. Прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн баяраар намайг шагналд тодорхойлоод Төрийн дээд “Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар шагнуулж байсан юм...” хэмээн хуучилж, Прокурорын байгууллагын тэмдэглэлт ойн баяр, жил бүрийн ахмадын баяр, цагаан сараар өндөр настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэгт талархаж байдгаа илэрхийллээ. Ахмад ажилтан М.Удвалаас Прокурорын байгууллагын нийт ахмадууд, одоо ажиллаж буй прокурор, ажилтнууддаа эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилгээ дэвшүүлсэн байна. БУЛГАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба