Дорноговь аймгийн прокурорын газраас энэ сард Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих прокурорын хяналтын ажлын зааврын хүрээнд тус аймаг дахь Цагдаагийн газрын баривчлах байрны үйл ажиллагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байрны харуул хамгаалалтад гэнэтийн шалгалт хийлээ. Шалгалтаар Цагдаагийн газрын удирдлагаас баривчлах шийтгэл эдэлж буй хүнээр байгууллагын хэрэгцээний ажил хийлгүүлэхдээ Хөдөлмөрийн хуульд заасан цагаас илүү хугацаагаар ажиллуулсан, дээрх хугацаанд тэдгээрт албадан сургалт хийгээгүй, баривчлагдсан хүнийг алслагдсан суманд ажиллуулах талаар прокурорт мэдэгдээгүй, тэдгээрийг хуульд заасан нөхцөлтэй байранд унтаж амрах эрхийг хангаагүй, үүнтэй холбоотойгоор 1 хүнд 12 цагийн шийтгэл илүү эдлүүлж, хүний эрх зөрчсөн, алба хаагчдын ажлын хариуцлага суларсан, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байрны харуул хамгаалалтын ажилтнууд нь тухайн өдөр хоригдлын хийх ажлыг бүрэн хийлгээгүй, тэдгээрт тавих хяналтыг сулруулсан зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Прокуророос дээрх зөрчлийг арилгуулахаар тус аймаг дахь Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт прокурорын шаардлага хүргүүлж, биелэлтийг тооцохоор шийдвэрлээд байна. ДОРНОГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба