Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн зөвлөлийн хуралдаанаар “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар хийсэн ажил, цаашид авч хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ”-ний талаарх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Б.Энэрэлийн сонсголыг хэлэлцүүлсэн байна. Дээрх хугацаанд тус прокурорын газрын хяналтын харъяа зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагын албан тушаалтан нараас зөрчлийн 79223 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 3915 гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзан, 766 гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг нээн, 74284 гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 198 гомдол, мэдээллийг гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр харъяаллын дагуу шилжүүлэх санал гаргаж ирүүлснийг прокуророос хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шийдвэрлэсэн. Түүнчлэн зөрчлийн 882 хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулснаас 250 хэрэгт шийтгэл оногдуулан, 352 хэргийг шүүхэд шилжүүлэн, 120 хэргийг хэрэгсэхгүй болгон, 107 хэргийг гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр харъяаллын дагуу шилжүүлэх санал гаргаж ирүүлснийг прокуророос хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шийдвэрлэсэн байна. Ажлын гол үзүүлэлтүүдийг өмнөх оны сүүлийн хагас жилтэй харьцуулахад шийтгэл оногдуулсан хэргийн тоо 15% өссөн, шүүхэд шилжүүлсэн хэргийн тоо 12.6% өссөн, зөрчлийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон хэргийн тоо 37.5% буурсан, хугацаа сунгасан хэргийн тоо 29.6% буурсан, шүүхэд төрийг төлөөлөх хяналтын ажлын чанар, үзүүлэлт нэмэгдсэн дүнтэй гарсан. Нийслэлийн прокурорын газраас Улсын Ерөнхий прокурорын 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А/33 дугаартай тушаалаар батлагдсан “Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокурорын газрын ажилд дүн шинжилгээ хийх аргачилсан заавар”-т зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээрх шалгуур үзүүлэлтээр 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хийсэн ажлыг дүгнэхэд 16 оноогоор “Дүүрэн хангалттай” гэж дүгнэгдсэн байна. Дүүргийн прокурорын зөвлөлийн хуралдаанаас тухайн хяналтын ажлыг “зохих” түвшинд хэрэгжүүлсэн гэж дүгнэсэн байна.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба